“Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе - хятад монголын найрамдал” төслийг хэрэгжүүлэхээр бнхау-аас монгол улсад суугаа элчин сайдын яамнаас “энхрий-эрдэнэ” санд 100 мянган юанийн хандив өгөв.

“Miss World-2018”-ын үндэсний ялагч Э.Энхриймаагийн санаачилсан “Сүрьеэгүй Монгол” төсөл нь тус тэмцээний “Шилдэг-20” хүмүүнлэгийн ажлын нэгээр шалгарсан ба энэ төслийн хүрээнд 2018 оны 10-р сараас эхлэн сайн дурын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Мөн түүнчлэн БНХАУ-ын тэргүүн хатагтай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Сүрьеэгийн сайн санааны элч” Пэн Лиюань-д хандаж, сүрьеэ өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг улс орондоо хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцахыг хүссэн захидлыг 2018 оны 11 сард хүргүүлжээ.

Харин өнөөдөр тэргүүн хатагтай Пэн Лиюань “Сүрьеэгүй Монгол” төслийг дэмжиж, мисс Э.Энхриймаад хариу захидал илгээн, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд, эрхэмсэг ноён Шин Хаймин 100 мянган юанийг “Энхрий-Эрдэнэ” санд гардуулж өглөө. Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй, Улс Төрийн газрын дарга Гу Имин, 3-р нарийн бичгийн дарга Ван Мэн, Атташе Бао Юйлань, Монгол улсын Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа соёлын харилцааны газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга О.Ундрал, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Д.Нямхүү, “Энхрий-Эрдэнэ” сангийн ерөнхийлөгч Э.Энхриймаа, Удирдах зөвлөлийн дарга М.Насанбат, дэлхийн миссийн тэмцээнийг зохион байгуулагч “Asian Future” компанийн гүйцэтгэх захирал Ц.Соёл-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцлоо.

БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Шин Хаймин хэлсэн үгэндээ “СҮРЬЕЭГИЙН ЭСРЭГ ХАМТДАА ТЭМЦЭЦГЭЭЕ - ХЯТАД МОНГОЛЫН НАЙРАМДАЛ” төслийг эхлүүлж байгаа нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой төдийгүй хоёр орны найрсаг найрамдалт харилцаанд чухал үйл явдал болж байгааг цохон тэмдэглэсэн юм.

“Энхрий-Эрдэнэ” сангийн ерөнхийлөгч Э.Энхриймаа хэлсэн үгэндээ Дэлхийн олон сая эмэгтэйчүүдийн үлгэр дууриал, бахархал болсон Хятад улсын тэргүүн хатагтай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Сүрьеэгийн сайн санааны элч” Пэн Лиюань танд “тал нутгийн охин”-оос улс оронд минь тулгамдаад буй чухал асуудлыг хөндөн бичсэн захидалд минь ач холбогдол өгч, “Сүрьеэгүй Монгол” төсөлд маань дэмжлэг үзүүлэх болсонд чин сэтгэлийн талархалыг хувийн зүгээс болон “Энхрий-Эрдэнэ” сан, монгол иргэдийнхээ өмнөөс илэрхийлж байгаагаа уламжилсан байна. Цаашид тус төслийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албатай хамтран үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.