“Амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сургалт боллоо.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулах, дархлаажуулалтын талаарх мэдлэгийг сэргээх зорилгоор ХӨСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сургалтыг 2019 оны 03 сарын 12-ны өдөр зохион байгууллаа.


Сургалтаар “Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, дэлхий дахинд, Монгол улсад, 2015, 2016 оны нэмэлт дархлаажуулалт, дархлал тогтоцын судалгааны үр дүн”, “Халууралт, тууралтат хам шинжийн тандалт, улаанбурхан өвчний тандалт хариу арга хэмжээний талаар”, “Улаанбурхан өвчний эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, бусад халууралт тууралтат халдвараас ялган оношлох”, “Лабораторийн сорьц цуглуулах, илгээх”,“Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой өвчлөл /улаанбурхан/ бүртгэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Энтеровирусийн халдварын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ”, “Гахайн хавдар өвчний эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ”, “Амьсгалын дутагдлын хэлбэрүүд ба яаралтай тусламж” гэх мэт сэдвүүдээр Нийслэлийн ЭМГ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд мэдээлэл өгөв. 
Нийслэлийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний 24.056 тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 164.4 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2752 тохиолдол буюу 11.4 хувиар, 10.000 хүн амд 32.3-аар буурсан үзүүлэлттэй байгаа ч амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдол өндөр хэвээр байна. 2019 он гарсаар менингококкт халдварын 4 тохиолдол бүртгэгдсэн ба хүүхдийн эндэгдэл 1 бүртгэгдлээ.
Мөн дэлхийн хэмжээнд 2018 онд улаанбурхан өвчний 229068 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Малайз, БНХАУ, Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ зэрэг орнуудад улаанбурханы дэгдэлт гарч, манай улсад 2019 оны 03 дугаар сарын 11-ний байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд болон Говьсүмбэр аймагт тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн байна. 
Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, сургалт сурталчилгааг идэвхитэй зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагын эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг сэргээх сургалтыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.