Сүрьеэгийн тухай түгээмэл асуулт, хариулт

Асуулт1: Сүрьеэ гэж ямар өвчин бэ?

Хариулт1: Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэсэн үед ЭДГЭРДЭГ өвчин юм.

Асуулт2: Дэлхий дахинд сүрьеэгийн нөхцөл байдал ямар байна вэ?

Хариулт2: Сүрьеэ өвчин нь дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлангаар жил бүр 10.4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.8 сая хүн нас барж байна. Нас баралтын 95% нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолдож байна. Дэлхийн хүн амын гуравны нэг нь (2.3 тэрбум хүн) сүрьеэгийн нянгаар халдварлагдсан байдаг.  Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин хэвээр байна. Сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэ тархаж байгаатай холбоотой дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулж байна. Үүний нэг тод илрэл нь 2017 онд ОХУ-ын Москва хотод дэлхийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны эрүүл мэндийн сайд нарын Дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж “Москвагийн тунхаг”, 2018 онд НҮБ-ын дээд хэмжээний чуулганаар сүрьеэгийн асуудлыг анх удаа хэлэлцэж, “Сүрьеэг устгах –НҮБ-ын улс төрийн тунхаг” бичгийг батлан хэрэгжүүлж байна.

Асуулт3: Дэлхий дахинд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл хэр байна вэ?

Хариулт3: Дэлхий дахинд 2017 оны тайлангаар 7.5 сая хүүхэд шинээр сүрьеэгийн халдвар авч, 1 сая хүүхэд сүрьеэгээр өвчилж, 233,000 хүүхэд сүрьеэгийн улмаас нас барснаас 96% нь сүрьеэгийн эмчилгээнд хамрагдаагүй байна. Эцэг эх нь сүрьеэгээр нас барсаны улмаас жил бүр ойролцоогоор 10 сая орчим хүүхэд өнчирч үлдэж байна.

Асуулт4: Монгол улсад сүрьеэ өвчин тулгамдсан асуудал мөн үү?

Хариулт4: Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүний 10 хувь нь хүүхдүүд байна. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй явагдаж байгааг харуулж байна. Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна.  Манай улсад жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алдаж байгаа хэдий ч  сүрьеэгээс улбаалсан хүүхдийн нас баралт маш бага байна. Манай улсад сүрьеэ нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд өнгөрсөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор сүрьеэгийн дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж, Монгол улсад “Сүрьеэг устгах” Улаанбаатарын тунхаг гарган хэрэгжүүлж байна.

Асуулт5: Сүрьеэ хэрхэн тархдаг вэ?

Хариулт5: Сүрьеэ нь нэг хүнээс нөгөө хүнд агаараар дамжин тархдаг. Уушги болон төвөнхийн сүрьеэтэй хүн ханиалгах, найтаах, ярих, дуулах үед нян агаарт цацагдана. Ойролцоо байгаа хүмүүс эдгээр нянгуудыг амьсгалж, халдвар авдаг. Сүрьеэгийн нянгаар амьсгалсан хүний уушгинд нян суурьшиж, үржиж эхэлдэг. Тэндээс цусаар дамжин бөөр, нуруу, тархи гэх мэт биеийн бусад хэсгүүд рүү шилжиж болно. Уушги эсвэл төвөнхийн сүрьеэ өвчний үед хамгийн их халдвартай байдаг. Энэ нь нянгууд бусад хүмүүст дамжин тархаж болно гэсэн үг юм. Бөөр, эсвэл нуруу гэх мэт биеийн бусад хэсгийн  сүрьеэ нь халдваргүй байдаг. Сүрьеэ өвчтэй хүмүүс ихэвчлэн өдөр бүр цагийг хамт өнгөрүүлдэг хүмүүст халдвар тараадаг. Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамтран ажиллагсад, сургуулийн хүүхдүүд багтдаг. 

Асуулт6: Ямар орчинд сүрьеэгийн халдвар тархах өндөр эрсдэлтэй байдаг вэ?

Хариулт6: Зарим орчин жишээлбэл эрүүл мэндийн байгууллага, хорих газар, асрамжийн газар, сургуулийн орчин зэрэг хүн ам олноор төвлөрсөн газруудад сүрьеэгийн халдвар тархах эрсдэл өндөр байдаг. Өсвөр насныхан ихэнх цагийг сургуулийн орчинд өнгөрөөдөг болох нь олон судалгаагаар тодорхой болсон боловч тэдгээрийн цагаа өнгөрүүлж, сурч боловсорч буй энэ орчин нь халдвар авах эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байгаа эсэх нь улс  орон бүрт харилцан адилгүй байна.

Олон улсад хийгдсэн судалгаагаар өсвөр насны хүүхэд, залуучууд сүрьеэгийн халдвар авах, өвчилсөн тохиолдолд бусаддаа халдвар тараах эрсдэл ихтэй байдаг байна. Хүүхэдтэй холбоотой гарсан дэгдэлтийн тойм судалгааны дүнгээс харахад нийт дэгдэлтийн 89.1% нь сургуулийн орчинд, 5.5% сургуулийн автобусанд,  3.4% өдөр өнжүүлэх төвд, асрамжийн төв, хүүхэд асрах газруудад хамгийн бага буюу 3.1% нь бүртгэгдсэн байна. Эдгээр судалгаануудын хувьд халдварын эх уурхай нь 62.5% нь сурагч байсан бол 25.8% багш, автобусны жолооч 6.3% нь байснаас үзэхэд хүүхэд бие биеэсээ халдвар авч сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөр байгаа нь харагдаж байна.

Асуулт7: Сүрьеэгийн халдвар тархахад нөлөөлдөг ямар хүчин зүйлс байна вэ?

Хариулт7: Уушгины болон төвөнхийн сүрьеэтэй өвчтөн ханиах, найтаах, дуулах, ярих үед сүрьеэгийн нян агуулсан дуслыг агаарт цацах ба агааржуулалт муутай нөхцөлд сүрьеэгийн нян олон цагаар өрөө, тасалгааны агаарт хөвөн оршдог. Ингэснээр сүрьеэгийн нян бүхий бичил дусал агуулсан агаараар амьсгалснаар сүрьеэгийн халдвар авдаг. Сүрьеэгийн халдвар агааржуулалт муутай, хүн ам хэт бөөгнөрсөн орчинд маш хурдацтай тархдаг. Хүүхэд, өсвөр насныхан ихэнх цагийг гэр бүлийн орчноос гадна гадуур буюу сургууль дээр өнгөрөөдөг. Сургуулийн орчинд анги танхимд хүүхдүүд олноор цугларч, агаар сэлгэлт муутай байх зэрэг нь халдвар авахад шууд нөлөө үзүүлдэг. Монгол улсад хүйтэн сэрүүний улирал удаан хугацаагаар үргэлжилж, ялангуяа Улаанбаатар хотод агаарын бохирдлын аюулын улмаас цонх онгойлгож байгалийн агааржуулалт, агаар сэлгэлт хийх нөхцөл байхгүй болсон, үүний зэрэгцээ нэг ангид хичээллэх хүүхдийн нягтрал нэмэгдсэн зэрэг нь сургуулийн орчинд сүрьеэгийн дэгдэлт гарах нөхцлийг бүрдүүлж байна.

Асуулт8: Сүрьеэгийн далд халдвар гэж юу вэ?

Хариулт8: Ихэнх хүн сүрьеэгийн нян амьсгалж, халдвар авсан ч тухайн хүний дархлааны хүчээр нянгуудын өсөлт, үржлийг зогсоож чаддаг. Сүрьеэгийн нян идэвхгүй болж, харин тэд бие махбодид амьд хэдий ч унтаа байдалд удаан хугацаанд байх бөгөөд, хэзээ нэгэн цагт идэвхитэй болох чадвартай байдаг. Үүнийг сүрьеэгийн далд халдвар гэж нэрлэдэг.

Сүрьеэгийн далд халдвартай хүмүүс нь:

  • Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй
  • Ямар нэг зовиур шаналгаа байхгүй
  • Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй
  • Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг
  • Сүрьеэгийн халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээгүй тохиолдолд сүрьеэгээр өвчилж болзошгүй байдаг

Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүн тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсний улмаас 10 хувь нь сүрьеэгээр өвчилж, 90 хувь нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдварыг тээж, амьдралын аль нэг хугацаанд эрсдэлт хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй амьдардаг. Харин зарим хүмүүст, ялангуяа дархлааны систем султай хүмүүст идэвхтэй үржиж, сүрьеэ өвчин үүсгэдэг.

Асуулт9: Сүрьеэ өвчин гэж юу вэ?

Хариулт9: Хэрэв дархлааны тогтолцоо нь сүрьеэгийн нянг өсөж үржихээс сэргийлж чадаагүй үед сүрьеэ өвчин үүсдэг. Хэрэв нян нь уушгинд суурьшвал уушгины эдийг гэмтээдэг. Зарим хүмүүст сүрьеэгийн нянгийн эсрэг дархлааны систем тэмцэж эхлэхээс өмнө халдвар авсаны дараа богино хугацаанд сүрьеэ өвчин үүсдэг. Хүүхэд, бага насны хүүхдэд дархлааны систем сул, бүрэн хөгжөөгүй байдаг. ХДХВ-ийн халдвартай хүмүүс дархлааны систем маш сул байдаг. Доорх хүмүүст дархлааны систем сул байдгийг анхаарах шаардлагатай. Үүнд:

  • Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид
  • Чихрийн шижин
  • Уушги тоосжих өвчин
  • Толгой, хүзүүний хорт хавдар
  • Лейкеми, Ходжикны өвчин
  • Бөөрний хүнд өвчин
  • Биеийн жин багатай
  • Зарим эмчилгээ (тухайлбал: кортикостеройд эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах )
  • Ревматойдны артрит эсвэл Крони өвчний өвөрмөц эмчилгээ

Сүрьеэгийн нян биеийн аль хэсэг, эрхтэнийг гэмтээснээс хамаарч шинж тэмдэг илэрдэг, тухайлбал уушгины сүрьеэгийн үед доорх шинж тэмдэг илэрнэ.

  • Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цэр, цустай цэртай ханиалгах

Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдэг:

  • Сульдаж ядрах
  • Биеийн жин буурах
  • Хоолны дуршил буурах
  • Жихүүдэс хүрэх
  • Халуурах
  • Шөнө хөлрөх

Сүрьеэгийн далд халдвар болон сүрьеэ өвчний хоорондын ялгаа

Сүрьеэгийн далд халдвартай хүн

Сүрьеэ өвчтэй хүн

· Ямар нэг зовиур, шаналгаа байхгүй

· Ихэвчлэн зовиур, шаналгаа илэрнэ

· Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй

Доорхи шинж тэмдэг ихэвчлэн илэрнэ

· Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах

·      Цээжээр өвдөх

·      Цэр, цустай цэртэй ханиалгах

·      Сульдаж ядрах

·      Биеийн жин буурах

·      Хоолны дуршил буурах

·      Жихүүдэс хүрэх

·      Халуурах

·      Шөнө хөлрөх

· Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй

 

· Сүрьеэгийн нянг бусад хүмүүст тараах боломжтой

· Ихэвчлэн туберкулины арьсны эерэг байдаг

 

· Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг

 

· Цээжний рентген шинжилгээ хэвийн, цэрний түрхэц болон молекулбиологийн шинжилгээ сөрөг

· Цээжний рентген шинжилгээ өөрчлөлттэй, цэрний түрхэц, молекулбиологи, өсгөвөрлөх шинжилгээ эерэг

· Сүрьеэ өвчнөөс сэргийлж, сүрьеэгийн далд халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай

· Сүрьеэ өвчний шууд хяналттай өвөрмөц эмчилгээ хийлгэх шаардлагатай


СҮРЬЕЭГИЙН ШИНЖИЛГЭЭ, ЭМЧИЛГЭЭ

Асуулт10: Би сүрьеэгийн шинжилгээ хийлгэх ёстой юу?

Хариулт10: Хэрэв танд доорх шалтгаан байвал сүрьеэгийн шинжилгээ хийлгэвэл зохино. Үүнд:

  • Хэрэв та сүрьеэ өвчтэй, эсвэл сэжигтэй хүнтэй хамт байсан бол; эсвэл
  • Хэрэв та ХДХВ-ийн халдвартай эсвэл хүний дархлааны системийг сулруулж, сүрьеэгээр өвчлөх эрсдлийг ихэсгэдэг бусад шалтгаан нөхцөл байгаа; эсвэл
  • Танд сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрч байгаа, эсвэл
  • Та сүрьеэ өвчин тархах эрсдэлтэй хорих анги, асрамжийн газар, гэр оронгүй иргэдийн түр орогнох байр, дэгдэлт гарсан сургууль, эмнэлэг зэрэгт ажиллаж, амьдардаг, эсвэл
  • Та хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг бол 

Асуулт11: Сүрьеэгийн халдварыг илрүүлэх шинжилгээ гэж юу вэ?

Хариулт11: Сүрьеэгийн арьсны сорил

Сүрьеэгийн нянгийн халдвар авсан эсэхийг мэдэхийн тулд сүрьеэгийн арьсны сорилыг хэрэглэдэг. Та өөрийн амьдардаг аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт хандаж, туберкулины арьсны сорилыг  хийлгэж болно. Сүрьеэгийн арьсны сорилыг эмчийн шийдвэрээр тусгай бэлтгэгдсэн сувилагч хийнэ. Сорилын хариуг 72 цагийн дараа хэмжилт хийж “Эерэг” эсвэл “Сөрөг” гэсэн хариуг гаргана. “Эерэг” хариу урвал гэдэг нь сүрьеэ өвчтэй хэн нэгэн хүнээс та халдвар авсан гэсэн үг юм. Хэрэв та сүрьеэгийн халдварыг саяхан шинээр авсан үед сүрьеэгийн арьсны сорилын урвал эерэг гарахгүй байх боломжтой. Иймд та хамгийн сүүлд сүрьеэ өвчтэй хүнтэй хавьтал болсоноос хойш 8-10 долоо хоногийн дараа хоёр дахь арьсны сорил хийлгэх шаардлагатай.  Хэрэв хоёр дахь арьсны сорилын хариу урвал “сөрөг” гарвал танд сүрьеэгийн халдвар байхгүй байна гэсэн үг.

Асуулт12: Хэрэв танд сүрьеэгийн халдвар илрүүлэх шинжилгээ эерэг гарсан үед яах вэ?

Хариулт12: Хэрэв сүрьеэгийн арьсны сорилын хариу “Эерэг” гарвал харьяа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт бусад шинжилгээ хийлгэж, сүрьеэгээр өвчилсөн эсэхийг тодруулж болно. Үүнд ихэвчлэн цээжний гэрлийн шинжилгээ хийдэг бөгөөд, та ханиалгаж байвал цэрний шинжилгээ хийнэ. Сүрьеэгийн нян уушгинаас өөр эрхтэнд байж болох тул, эмч, сувилагч таны шээс, өтгөн, эдийн сорьц авч, холбогдох шинжилгээ хийж болно. Хэрэв та сүрьеэгээр  өвчилсөн бол сүрьеэгийн өвөрмөц эмчилгээг хийлгэх шаардлагатай.

Асуулт13: Би БЦЖ вакцинд хамрагдсан бол яах вэ?

Хариулт13: БЦЖ бол сүрьеэгийн эсрэг вакцин юм. Монгол улсад сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг 1946 оноос хойш дархлаажуулалтанд хэрэглэж байна. Манай улсын Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу дөнгөж төрсөн нярайг 24 цагийн дотор БЦЖ вакцинаар дархлаажуулж байна. БЦЖ вакцин нь бага насны хүүхдийг сүрьеэгийн менингит, цочмог түгмэл сүрьеэгээс хамгаалах чадвартай байдаг.  Харин уг вакцин нь анхдагч халдвар авах, сүрьеэгийн далд халдвар дахин идэвхжихээс сэргийлж чаддаггүй.

Асуулт14: Хэрэв би сүрьеэгийн халдвар авсан бол сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Хариулт14: Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьеэгээр өвчилдөггүй. Харин сүрьеэгийн халдвар авсан зарим хүмүүс сүрьеэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөртэй хүмүүс нь:

  • ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүс
  • Сүүлийн 2 жилийн дотор сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүмүүс
  • Хүүхэд, бага насны хүүхдүүд
  • Хар тамхи, мансуурах бодис хэрэглэгчид
  • Дархлалын тогтолцоог сулруулдаг бусад өвчнөөр өвчилсөн хүмүүс
  • Өндөр настай хүмүүс
  • Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн эмчилгээг бүрэн хийлгээгүй хүмүүс

Хэрэв та сүрьеэгийн далд халдвар (сүрьеэгийн арьсны сорил “Эерэг” )-тай, өндөр эрсдэлт бүлгийн аль нэгэнд байгаа бол сүрьеэ өвчнөөр өвчлөхгүй байхын тулд эм уух шаардлагатай. Үүнийг сүрьеэгийн далд халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ гэж нэрлэдэг.  Монгол улсад сүрьеэгийн далд халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээнд изониазид (isoniazid (INH) эмийг хэрэглэж байна. Энэ эмийг дэлхий дахинд 1952 оноос монгол улсад 1959 оноос эхлэн хэрэглэж байна. Сүрьеэгийн далд халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээнд изониазидыг 6 сарын турш өдөр бүр шууд хяналттай ууна. Энэ эм нь таны биед байгаа сүрьеэгийн нянг устгах үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв та эмч, сувилагчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэвэл сүрьеэ өвчин үүсэхээс сэргийлж чадна. Нянгийн хэмжээ бага байдаг учир сүрьеэгийн далд халдварын эмчилгээ нь сүрьеэ өвчний эмчилгээнээс  илүү хялбар энгийн байдаг. Харин сүрьеэ өвчтэй хүний биед сүрьеэгийн нян маш ихээр агуулагддаг. Иймээс сүрьеэ өвчний эмчилгээнд хэд хэдэн эм хэрэглэх шаардлагатай байдаг. Хэрэв сүрьеэгийн далд халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж эхэлбэл та эмч, сувилагчтайгаа тогтмол хуваарийн дагуу уулзах хэрэгтэй. Зарим хүмүүс эмийн гаж нөлөө илэрч болдог. Изониазидын эмчилгээтэй цуг Витамин В6-г заавал хамт уух хэрэгтэй.

Хэрэв танд дараах гаж нөлөө илэрвэл эмч болон сувилагчид хандах шаардлагатай.

  • Хоолны дуршил буурах
  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Арьс, нүд шарлах
  • 3 ба түүнээс дээш хоног халуурах
  • Хэвлийгээр өвдөх
  • Хөл, гарын хурууны үзүүр бадайрах, өвдөх
  • Арьсаар тууралт гарах
  • Цээжний доод хэсгээр өвдөх
 
 

Анхааруулга: Сүрьеэгийн далд халдварын эмчилгээний үед согтууруулах ундааг (вино, шар айраг, ликор гэх мэт)  байнга болон хэтрүүлэн хэрэглэх нь аюултай. Дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн эмч, сувилагчаас авч болно.

 


Сүрьеэ өвчний халдвар авсан хүмүүс сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдгийг мэддэг байх шаардлагатай. Хэрэв сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрвэл, эмчид шууд очиж үзүүлэх хэрэгтэй. 

Асуулт15: Хэрэв би сүрьеэ өвчтэй хүнтэй хавьтал болсон бол бусад хүмүүст сүрьеэгийн халдвар тараах уу?

Хариулт15: Хэрэв та сүрьеэ өвчтэй хүнтэй хавьтал болсон бол та сүрьеэгийн халдвар авсан байж болзошгүй, Гэхдээ та нянгийн халдварыг бусад хүмүүст шууд тараахгүй. Зөвхөн сүрьеэгээр өвчилсөн хүмүүс л сүрьеэг бусдад тараадаг.

СҮРЬЕЭ ӨВЧИН

Асуулт16: Сүрьеэ өвчний эмчилгээг хэрхэн хийх вэ?

Хариулт16: Энэ бол сүрьеэтэй хүмүүст дуулгах сайн мэдээ юм. Эмчилдэг, эдгэрүүлдэг сайн эмүүд байна.  Гэхдээ энэ эмийг эмч, сувилагчийн шууд хяналтанд өдөр бүр уух ёстой.  Хэрэв та сүрьеэгээр өвчилсөн бол хэд хэдэн төрлийн эм хэрэглэх шаардлагатай болдог. Учир нь  их хэмжээний нянг устгах шаардлагатай байдаг.  Хэд хэдэн эм ууж байгаа нь сүрьеэгийн нянг устгах, эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлж чаддаг.

Сүрьеэ өвчний эмчилгээнд хамгийн түгээмэл хэрэглэдэг эмүүд нь:

  • Изониазид-Isoniazid (INH)
  • Рифампицин-Rifampin (RIF)
  • Этамбутол-Ethambutol (EMB)
  • Пиразинамид-Pyrazinamide (PZA)

Хэрэв та уушгины болон төвөнхийн сүрьеэтэй бол бусдад халдвар тараах боломжтой. Сүрьеэгийн нянг бусад хүмүүст тараахгүй байхын тулд ажил, сургуулиасаа чөлөө авч, гэртээ байх хэрэгтэй. Хэдэн долоо хоногийн турш (3 долоо хоног ) эмээ уусны дараа таны биеийн байдал сайжирч, бусдад халдвар тараахгүй болдог. Таныг хэзээ ажил эсвэл сургуульдаа эргэж орох, найз нөхөдтэйгээ уулзах боломжтой гэдгийг эмч, сувилагч тань танд хэлэх болно. Сүрьеэгээр өвчилсөнтэй холбоотой таны хэвийн амьдрал алдагдах ёсгүй. Та халдваргүй болж биеийн байдал сайжирсны дараа сүрьеэгээр өвчлөхөөс  өмнө хийж байсан зүйлээ хийж болно.

 Асуулт17: Сүрьеэгийн эсрэг эмийн гаж нөлөө гэж юу вэ?

Хариулт17: Хэрэв та сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа бол эмч, сувилагчийн зааврыг чанд мөрдөх учиртай. Зарим эм нь гаж нөлөө үүсгэдэг. Зарим үед хөнгөн, зарим үед хүнд хэлбэрийн гаж нөлөө үүсгэж болдог. Хэрэв танд ноцтой гаж нөлөө илэрсэн үед эмч, сувилагч руу шууд утасдаж, зөвлөгөө авах шаардлагатай.

Хэрэв танд доорхи шинж тэмдгүүдийн аль нэгэн байгаа бол эмч, сувилагч руу шууд хандана уу.

  • Хоолны дуршил буурах
  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Арьс, нүд шарлах
  • 3 ба түүнээс дээш хоног халуурах
  • Хэвлийгээр өвдөх
  • Хөл, гарын хурууны үзүүр бадайрах, өвдөх
  • Арьсаар тууралт гарах
  • Цээжний доод хэсгээр өвдөх
  • Арьс амархан хөхрөх
  • Буйлнаас цус гоожих
  • Хамраас цус гаргах
  • Шээс хар эсвэл бор өнгөтэй болох
  • Үеэр өвдөх
  • Толгой эргэх
  • Нүдний хараа муудах
  • Чих шуугих
  • Сонсгол буурах

Доорх гаж нөлөөг хөнгөн хэлбэрийн гаж нөлөө гэж үздэг. Хэрэв танд эдгээр гаж нөлөөний аль нэг нь байвал эмээ үргэлжлүүлэн хэрэглэж болно.

  • Рифампицин нь шээс, шүлс, нулимсны өнгийг улбар шар болгож хувиргадаг. Энэ үед нүдний контокт линз зүүж болохгүй.
  • Рифампицин нь наранд илүү мэдрэмтгий болгодог. Тиймээс эмчилгээний явцад биеийн ил хэсэгт нарнаас хамгаалах тосыг сайтар хэрэглэх хэрэгтэй.
  • Рифампицин нь жирэмслэлтээс хамгаалах эм, суулгацын идэвхийг сулруулдаг. Иймээс эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах өөр аргыг сонгон хэрэглэх хэрэгтэй.

Асуулт18: Би яагаад сүрьеэгийн эмийг тогтмол уух шаардлагатай вэ?

Хариулт18: Сүрьеэгийн нян маш удаан үхэж устдаг. Сүрьеэгийн бүх нянг устгахад наад зах нь 6 сар шаардагдана. Эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа таны биеийн байдал сайжирна. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй! Учир нь сүрьеэгийн нянгууд таны биед амьд хэвээр байгаа. Хэдийгээр таны биеийн байдал сайжирч, сүрьеэ өвчний шинж тэмдэг байхгүй болсон ч сүрьеэгийн бүх нян үхэж дуусах хүртэл эмчилгээгээ үргэлжүүлэх ёстой. Хэрэв та эмээ тасралтгүй уудаггүй, эсвэл бүх эмийг  тогтмол хэрэглэдэггүй бол энэ нь маш аюултай. Ийм үед сүрьеэгийн нян өсч үржин, удаан хугацаагаар өвчлөх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ, таны ууж буй эмэнд тэсвэртэй болдог. Хэрэв эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсвэл, сүрьеэгийн нянг устгахын тулд өөр өөр шинэ олон төрлийн эмийг удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатай болно. Эдгээр шинэ эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэх бөгөөд илүү их гаж нөлөөтэй байдаг.  Хэрвээ та дахиад халдвар авсан бол гэр бүлийнхэн, найз нөхөд, эсвэл тантай хамт өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг хүмүүст халдвар тараах боломжтой. Эмч, сувилагчийн зааврын дагуу эмээ уух нь маш чухал юм.

Асуулт19: Шууд хяналттай эмчилгээ гэж юу вэ?

Хариулт19: Эмчилгээг тууштай хийлгэх хамгийн сайн арга бол шууд хяналттай эмчилгээ юм.  Хэрэв шууд хяналттай эмчилгээ хийлгэвэл эрүүл мэндийн ажилтан, сайн дурын ажилтантай та өдөр бүр уулзах болно. Та уулзах газраа тохиролцох ёстой. Энэ нь сүрьеэгийн эмнэлэг, диспансер, өдрийн эмчилгээний цэг, өрх болон сумын эмнэлэг, таны гэр, ажил, сургууль эсвэл бусад тохиромжтой газар байж болно. Энэ ажилтан нь танд гаж нөлөө илэрч байгаа эсэхийг хянах, сүрьеэгийн талаар таны асуултанд хариулт өгөх болно. Та эм ууж байх явцдаа эмч, сувилагч нарт тогтмол үзүүлж байх хэрэгтэй. Энэ нь таныг эдгэрч эмчилгээ дуусах хүртэл үргэлжлэх болно.

Асуулт20: Хэрэв шууд хяналттай эмчилгээ хийлгээгүй үед яах вэ?

Хариулт20: Та эмчилгээг амжилттай дуусгаж, эдгэрэх цорын ганц арга бол эмч, сувилагчийн хяналтанд шууд хяналттай эмчилгээ хийлгэх юм. Гэхдээ энэ нь тийм ч амар биш байж болох юм! Та эмээ удаан хугацаагаар (14 хоног ба нэг сараас дээш) авсан байж болно, тиймээс та тодорхой дэг журамтай байх ёстой.

  • Эмээ мартахгүй уухыг сануулах зарим аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Өдөр бүр эмийг тодорхой цагт уух хэрэгтэй, Жишээлбэл, та өглөөний цай уухын өмнө, цайны завсарлагааны үеэр, эсвэл шүдээ угаасны дараа гэх мэт
  • Таны гэр бүлийн хэн нэгэн, эсвэл найз чинь эмээ уухыг сануулах
  • Эм ууснаа өдөр бүр хуанли дээр тэмдэглэж байх
  • Долоо хоногт уух эмээ өдөр бүрээр нь ялган эмийн зориулалтын саванд хийж, орны дэргэд тавих, эсвэл түрийвч, эсвэл халаасандаа хийх

Хэрэв та нэг өдөр уух эмээ мартсан бол энэ тунг алгасч дараагийн товлосон тунг уух хэрэгтэй. Эмийн тунг уухаа мартсан тухай эмч, сувилагч нартаа заавал хэлэх ёстой. Эмч, сувилагч руу утсаар залгаж, зааварчилгаа авч болно. 

Асуулт21: Сүрьеэ өвчин тархахаас хэрхэн сэргийлэх вэ?

Хариулт21: Сүрьеэгийн тархалтыг зогсоох хамгийн чухал арга бол эм, сувилагчийн зааврын дагуу бүх эмийг уух явдал юм. Түүнчлэн та эмнэлгийн бүх бичиг баримтыг хадгалах хэрэгтэй! Танд өөр цээжний рентген, эсвэл цэрний шинжилгээ хэрэгтэй байж болно. Эдгээр шинжилгээнүүд нь эмүүд хэрхэн үйлчилж байгааг хянахад маш чухал юм. Мөн та сүрьеэгийн нянг бусдад тараах боломжтой байгаа эсэхийг эдгээр шинжилгээний хариунаас мэдэж болно.

Та халдвартай байх хугацаандаа гэр бүл, ойр дотны хүмүүсээ халдвараас хамгаалах ёстой. Үүнд:

  • Та сүрьеэгийн эмийг шууд хяналттай уух, энэ бол хамгийн чухал!
  • Та ханиах, найтаах, инээх үед ам хамраа гарын тохой эсвэл алчуур, сальфетка зэргээр байнга таглаж байх
  • Та сургууль, ажилдаа явж болохгүй. Хэн нэгэнтэй ойрын хавьтал болохоос зайлсхийх, бусдаас өөрийгөө тусгаарлах
  • Гэр бүлийн гишүүдээс тусдаа унтлагын өрөөнд унтаж байх
  • Өрөө тасалгаа, гэртээ цэвэр агаар оруулж байх, (гадаа хэт хүйтэн биш бол..)
  • Агаарын хөдөлгөөн байхгүй, жижиг орон зайд сүрьеэгийн халдвар илүүтэй тархдаг
  • Цонх, хаалгыг онгойлгож цэвэр агаар оруулж байх нь өрөө, тасалгаанд байгаа хүн бохир агаар амьсгалж, халдвар авах эрсдлийг бууруулдаг
  • Сүрьеэ агаараар дамжин тархдаг гэдгийг санаж байх хэрэгтэй.
  • Харин гар барих, бие засах суултуур, аяга, таваг зэргээр сүрьеэгийн халдвар дамжихгүй
  • Та сүрьеэгийн эмийг 2 болон 3 долоо хоног уусны дараа бусдад сүрьеэгийн халдвар тараах эрсдэл буурдаг.

ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГИЙН ТУХАЙ

Асуулт22:Эмэнд тэсвэртэй сүрьеэ гэж ямар өвчин бэ? Яаж үүсдэг вэ?

Хариулт22: Заримдаа сүрьеэгийн нян нь сүрьеэ өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг эмүүдэд тэсвэртэй болдог. Энэ нь хамгийн сайн эмүүд сүрьеэгийн нянг устгаж чадахгүй болсон гэсэн үг юм. 

  • Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн хамгийн чухал хоёр ба түүнээс дээш эмүүдэд тэсвэртэй нянгаар үүсгэгдэхийг хэлдэг. (Тухайлбал изониазид, рифампицинд тэсвэртэй байх)
  • Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн илүү аюултай хэлбэрийг маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэ гэж нэрлэдэг. Маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэ гэдэг нь сүрьеэ өвчнийг эмчилэхэд хэрэглэдэг бараг бүх эмүүдэд тэсвэртэй ховор тохиолдох хэлбэр юм. Хэрэв та эмч, сувилагчийн зааврын дагуу эмээ уухгүй бол сүрьеэгийн нян нь зарим эмэнд тэсвэртэй болдог. Олон эмэнд болон маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүнтэй хамт байсан хүмүүс олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвар авах боломжтой байдаг.

Эмэнд тэсвэртэй сүрьеэ дараах хүмүүст илүү тохиолддог.

  • Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөний хавьтал
  • Эмч, сувилагчийн шууд хяналтанд сүрьеэгийн эмийг уухгүй байх
  • Өмнө нь сүрьеэгээр өвчилж эмчилгээ хийлгэсэний дараа дахин сүрьеэгээр өвчилсөн
  • Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт өндөртэй орон нутагт амьдардаг, эсвэл тэндээс ирсэн

Олон эмэнд болон маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн хүнийг өвөрмөц эмээр эмчилдэг. Эдгээр эмүүд нь сүрьеэгийн ердийн эмүүдтэй адил биш, илүү их гаж нөлөө гарах боломжтой байдаг. Иймээс олон эмэнд болон маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөний эмчилгээг мэргэжлийн сүрьеэгийн эмч, сувилагчийн чанд хяналтанд хийлгэх шаардлагатай. Эмчилгээний хугацаа нь ердийн сүрьеэтэй харьцуулахад удаан үргэжилдэг. Мөн олон эмэнд болон маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүн энэ өвчний улмаас нас барах эрсдэл өндөр байдаг.

ИРГЭН ТАНЫ ҮҮРЭГ

Аливаа халдварт өвчин нь бусад өвчин эмгэгээс ялгаатай нь нэг хүнээс бүх нийтийн эрүүл мэнд хамаарч байдаг оршино. Ялангуяа амьсгалын замаар дамждаг халдварт өвчний үед иргэн та болон таны гэр бүл ихээхэн хариуцлагатай хандах учиртай. Энэ талаар хуулийн зарим заалтыг оруулав.

Асуулт23: Иргэн та эрүүл мэндээ хамгаалахад ямар үүрэгтэй вэ?

Хариулт23:Монгол улсын “Эрүүл мэндийн тухай” хуулийн:

  • 2.3-д зааснаар халдварт өвчин тархахаас сэргийлж, хөл хорионы дэглэмийг сахиж мөрдөх,
  • 2.6-д зааснаар халдварт өвчний үзлэг, шинжилгээнд өөрийн санаачилгаар болон эмч, эмнэлгийн байгууллагын шаардлагаар орох
  • 2.8.-д зааснаар эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй, нэр хүнд, бие махбодид нь халдахгүй байх
  • 2.9.-д зааснаар эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаах зорилго бүхий ташаа мэдээлэл өгөхгүй байх зэрэг үүргийг хүлээдэг.

СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ ӨВЧИН.

Сүрьеэтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж, оношилгоо эмчилгээнд хамрагдаж, эмчийн зааврын дагуу эмийн тун бүрийг тогтмол  ууснаар бүрэн эдгэрэх боломжтой юм.

Та доорхи цахим хаягаар хандаж мэдээллийг авч болно.

www.nccd.gov.mn, www.mohs.mn,

www.ubhealth.mn