Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын тогтолцооны чадавхийг сайжруулах тухай тушаалын төсөл санал авч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Өнгөрсөн оны тавдугаар сард ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс дахь Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн талаар хийгдсэн хамтарсан үнэлгээний багаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын зүгээс Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын тогтолцооны чадавхийг сайжруулах тухай тушаал гаргахаар төлөвлөж байна.

Энэ тушаал батлагдсанаар халдварт өвчний хамшинж, сэжигтэй, өвөрмөц тохиолдлын тодорхойлолтыг болон тандах журам, долоо хоногийн мэдээний хүснэгтийг тус тус батлах юм. Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын тогтолцооны чадавхийг сайжруулах тухай тушаалын төслийг Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Үндэсний зохицуулагч байгууллага Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс холбогдох байгууллага, эрүүл мэндийн газар, төвийн эмч мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.