НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах Үндэсний сургалт 2019 оны тавдугаар сарын 9-ны өдөр ЭМЯ-ны хурлын танхимд эхэллээ. Сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү нар оролцож үг хэллээ.

Сургалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас Дархлаажуулалтын талаар хэрэгжүүлж байгаа бодлого, хэрэгжилт, салбар хоорондын хамтын ажиллагаа, Улаанбурхан, улаанууд өвчний тандалтын чиглэлээр баримталж байгаа ДЭМБ-ын бодлого, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл сонслоо.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/207 тушаалаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймаг, нийслэлийн 10-18 насны хүүхдүүдийг Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон тул дархлаажуулалтыг хэрхэн зохион байгуулах талаар аймаг, нийслэлийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагуудын болон төрөлжсөн эмнэлэгүүд, хүүхдийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагуудын төлөөллүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр энэ удаагийн Үндэсний сургалтыг хийж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр ЭМЯ, Халдвар өвчин судлалын Үндэсний төвөөс зохион байгуулж байгаа энэ удаагийн сургалтаар “Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах үндэслэл, хэрэгжүүлэх арга зүй”-н талаар мэдээлэл сонсч нэмэлт дархлаажуулалтын бичил төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, зорилтот бүлгийг хэрхэн тодорхойлох, дархлаажуулалтад хамрагдвал зохих хүүхдийн судалгааг яаж гаргах, аюулгүй дархлаажуулалт хийхийн тулд дархлаажуулалтын өмнөх эмчийн үзлэг хийх, вакциныг аюулгүй найруулж, тарих арга техник эзэмших, задалсан вакциныг хэрэглэх журам баримтлах, яаралтай тусламжийн үеийн бэлэн байдлыг хангах, тандалт, мэдээлэл, хариу арга хэмжээг зохион байгуулах талаар арга аргачлалыг танилцуулах юм.


Төлбөртэй тусламж үйлчилгээ

Санал гомдол