Дархлаажуулалтын түүх, ач холбогдол

Хоёр зуу гаруй жилийн өмнө 1796 онд Английн эмч Эдуард Женнер цагаан цэцэг өвчнөөр хүн өвчлөхөөс сэргийлэх сорилт туршилтыг амжилттай хийснээр дархлаажуулалтын үндсэн зарчмыг нээж вакцин үйлдвэрлэлийн суурийг тавьж биологийн шинжлэх ухаанд том гавъяа байгуулсан юм. Германы эмч Роберт Кох, Францын химич Луй Пастер нар цагаан цэцэг өвчнөөс сэргийлэх Э. Женнерийн аргыг жинхэнэ шинжлэх ухааны үндэстэй дархлаажуулалтын тухай сургаал болгон хөгжүүлсэн. Хорьдугаар зууны эхэн гэхэд цагаан цэцгийн вакцинаас гадна галзуу, сахуу, балнад, тахлын вакциныг хэрэглэдэг болсон байсан. 2000 онд интернетээр явуулсан нэгэн санал асуулгаар халдварт өвчнөөс сэргийлэх ерөндөг буюу “вакцин” нь хүн төрөлхтөний сүүлийн мянган жилд бүтээсэн арван топ буюу суут бүтээлийн нэгээр шалгарсан юм.

Хүн төрөлхтний түүхийн туршид цагаан цэцэг хэмээх аюулт өвчин олон сая, живаа хүний амь насанд хүрсэн бөгөөд зөвхөн 20 дугаар зуунд л 300 сая хүний амь насыг авсан нь энэ зуунд болсон бүх л дайн, тулаанд амиа алдагсдын тооноос 3 дахин их байна гэж эрдэмтэд тооцоолсон.   

Дэлхий нийтээр цагаан цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр 1980 онд Дэлхийн Эрүүл Мэндийн 33 дугаар чуулганаас Цагаан цэцэг өвчин дэлхий дахинд бүрэн устсаныг баталгаажуулан зарласан ба 1981 оноос цагаан цэцгийн эсрэг вакцинжуулалтыг зогсоосон.  

Монгол улс 1923 оноос цагаан цэцэг өвчний эсрэг вакцинаар хүн амыг дархлаажуулж эхлэн 1940 он гэхэд цагаан цэцэг өвчнийг устгаж чадсаны ачаар одоогийн монголчуудын гуравны нэг буюу 800 000 гаруй хүн үхлийн аюулаас аврагдаж, мөн төдий тооны хүн цэцгийн бидэртэй буюу цоохор нүүртэй байж болохоос хамгаалагдсан гэж судлаачид тооцоолсон.

1970-аад оны эхээр гэхэд найдвартай бөгөөд хямд вакцин бүхий сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, полиомиелит буюу хүүхдийн тархи нугасны халдварт саа гэсэн таван өвчнөөр дэлхий даяар жил тутам 10 сая шахам хүүхэд нас барж байсан тул Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ 5 өвчний эсрэг болон сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцинаар дэлхийн бүх хүүхдийн 80%-иас доошгүйг хамран дархлаажуулах зорилттой Дархлалын өргөжүүлсэн дэлхийн хөтөлбөрийг 1974 оноос хэрэгжүүлж эхэлснээр жил тутам олон сая хүүхдийг үхлийн аюулаас аварч тахир дутуу болохоос сэргийлж чадсан.

Монгол улс дархлаажуулалтад сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг 1946, полиомиелитийн вакциныг 1965, сахуу хөхүүл ханиад татрангийн хавсарсан гуравт вакциныг 1967, улаанбурханы вакциныг 1974, вируст гепатит В-ийн вакциныг 1991 тус тус нэвтрүүлсэн.

Монгол улс нотолгоонд суурилсан шинэ вакцинуудыг заавал хийх  дархлаажуулалтад нэвтрүүлэх ажлын хүрээнд 2005 онд сахуу, хөхүүл ханиад, татран, гепатит В, Хиб-ийн хавсарсан тавт, 2009 онд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан гуравт, 2012 онд гепатит А, 2016 оноос пневмококкийн эсрэг вакцинуудыг тус тус амжилттай нэвтрүүлээд байна.   

Монгол улс дархлаажуулалт бүхий халдварт өвчний дэгдэлт өөрийн оронд болон хөрш орнуудад гарсан үед болон гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчинд өртөж болзошгүй эрсдэлтэй хүн амын дунд нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулж ирсэн.  

Дархлаажуулалтын дүнд дархлаажуулалт бүхий халдварт өвчнүүдийн гаралт, эндэгдэл эрс буурсан ба нярайн татран, полиомиелит өвчнүүдийг бүрэн устгаж сүүлийн 16 жил сахуу, хөхүүл ханиад өвчин бүртгэгдээгүй ба нийт вирүст гепатитын өвчлөл вакцин нэвтрүүлэхээс өмнөх үетэй харьцуулахад 15 дахин буурсан байна.

Дэлхийн зарим орнуудад дархлаажуулалт бүхий халдварт өвчнүүд эргэн сэргэн тархаж дэгдэлтүүд гарч байгаа ба дэлхийн хүн амын улс хоорондох аялал жуулчлал, шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хирээр бусад орноос халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Хүүхэд бүрийг заавал хийх товлолын дархлаажуулалтад нь бүрэн хамруулж эрүүл чийрэг өсч бойжиход нь хүн бүр дэмжин амьдарцгаая!

Дархлаажуулалтын алба

1920-иод оны эхнээс Монгол улс Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран Монгол улсад цагаан цэцэг өвчний дархлаажуулалтыг хийж эхэлсэн тэр үеэс Дархлаажуулалтын үйл ажиллагаа, албаны үндэс суурь тавигдсан. 

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 1929 оны  116 дугаар тогтоолоор цэцэг өвчний эсрэг тарилгыг бүх хүнд хийх тухай анхны эрх зүйн акт гарч байсан. 1932 онд Ардын эрүүлийг хамгаалах яамны харъяанд “Ариун цэвэр-бактер шинжилгээний институт”байгуулж, цагаан цэцгийн вакциныг дотооддоо үйлдвэрлэн хангаж эхэлсэн. Тус байгууллагын суурин дээр Бактери шинжилгээний газар, Био-бэлдмэл, цусны үйлдвэрлэл –шинжилгээний институт, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын интститут (ЭАХНСИ), 1997 оноос Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн холбогдох мэргэжилтнүүд дархлаажуулалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд хариуцан ажиллаж байсан.

Мөн 1962 оноос гадаадаас ирэх вакцин ийлдсийг захиалан ирүүлж түгээх ажлыг Эм хангамж үйлдвэрлэлийн газар хариуцан ажиллаж байсан.  

1972 оны Сайд нарын зөвлөлийн 410 тогтоолоор ЭАХНСИ-ийн дэргэд биобэлдмэлийн чанарын хяналтын улсын лаборатори байгуулснаар эхэлсэн ба 1989 оноос “Биобэлдмэлийн улсын хяналтын лаборатори”байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт эм, биобэлдмэлийн чанарын хяналтыг хийж байна.

1997 оны 3 сард Халдварт Өвчин Судлалын Төв байгуулагдахад Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс, Нийслэлийн ариун цэвэр халдвар судлалын станцаас дархлаажуулалтын асуудлыг хариуцдаг зарим мэргэжилтнүүд бүтцийн өөрчлөлтөөр тус тус ирж Дархлаажуулалтын тасгийг байгуулсан ба 2001 онд Халдвар Өвчин Судлалын Үндэсний Төв хэмээн өргөжихөд Дархлаажуулалтын алба нэртэй болж өргөжин вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион баййгуулж байна.