picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 2-р сарын 13, Мягмар гариг, 11:23

ХӨСҮТ нь ХДХВ/ДОХ-той үйлчлүүлэгчид хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх тасагтай боллоо.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд ХДХВ/ДОХ-той үйлчлүүлэгчдийн өвдөлт, шаналгаат шинжүүдийг хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх тасгийн нээлт өнөөдөр боллоо.

Глобал санд төсөл бичсэнээр амжилттай болж 103 сая төгрөгийн тусламжаар уг тасгийг тохижуулжээ.

Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Тэргэнцэр, зүрхний аппарат, хүчил төрөгч, сахиурын ор, өрөө тус бүрдээ ариун цэврийн өрөөтэй, хамгийн сүүлийн үеийн агаар цэвэршүүлэгчийг суурилуулсан, зөвхөн ХДХВ/ ДОХ-той хүмүүс үзүүлж, эмчлүүлэх боломжтойгоор онцлогтой байна.

Мөн Глобал сангийн тусламжаар АШУҮИС-д дөрвөн эмч, дөрвөн сувилагч мэргэжлээ дээшлүүлж тухайн тасагт ажиллахаар бэлтгэгджээ. Эмнэлгийн зүгээс өвчтөнд ретровирүсийн эсрэг эмчилгээг түлхүү хийх аж. Монгол Улсад анх 1992 онд ХДХВ-ийн халдвар илэрч байсан бол өмнөх оны эцэст 250 тохиолдол бүртгэгдсэн байна.

2017 онд бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын 25 шинэ тохиолдлын гурав нь эмэгтэй, 22 нь эрэгтэй байна. Эрэгтэйчүүдийг хүйсийн чиг баримжаагаар нь авч үзвэл 14 нь гомосекс, 5 бисекс, 3 нь гетеросекс гэж тодорхойлжээ.Тус хүмүүст зориулсан тусгай өрөөг 2017 онд Канад сангийн орон нутгийн санаачлага, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр тохижуулжээ.

2017 онд бүртгэгдсэн 25 тохиолдлын 72 хувь нь эрүүл мэндийн байгууллагаас оношлогдсон ба 44 хувь нь ДОХ-ын шатандаа илэрчээ.

Дэлхийн хүн төрөлхтний түүхэнд анх Сецили Саундерс эмч илаарших боломжгүй өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор өвдөлт ба бусад шаналгаат шинжүүдийг хөнгөвчлөх цогц тусламж үйлчилгээг байгуулж дэмжих тусламж гэдэг байсныг цаашид хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдэг болжээ.

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь:

Өвчний менежмент

Биеийн өөрчлөлт

Сэтгэцийн өөрчлөлт

Нийгмийн асуудал

Ухамсар оюун санаа сүжиглэл

Өдөр тутмын үйл ажиллагаанд туслах

Амьдралын төгсгөлийн шатны нас барах үеийн тусламж үйлчилгээ

Гарз хохирол уй гашуу гэсэн 8 тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг байна.

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны ХДХВ/ДОХ-той өвчтөний эмчилгээ тусламжийн тасгийн эрхлэгч Б.Оюунбилэг: Энэхүү тасагт хэвтснээр хоногт баригдаж хэвтүүлэхгүй, эмчилгээгээ дуусч байж гарах юм. Анхны хүнээ цагаан сар өнгөрөөгөөд авах төлөвлөгөөтэй байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй, бие нь эдгэрэхээргүй болсон өвчтөнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээр биеийн зовуурь шаналгааг арилгах боломжтой юм. Монголчуудын сул тал нь биеэ өвдөөд туйлдаа хүрэхээр эмнэлэгт ханддаг гэтэл эрт оношлуулаад дархлаа сэргээх эмчилгээнд орвол өвчин хүндрэхгүй байх бүрэн боломжтой гэв.

Мөн ХДХВ-ын халдвар гаднаасаа ямар нэгэн зовуурь илрэлгүй 6, 7-н жил болох боломжтой байдаг. Тиймээс мэс ажилбар, тариа дусал хийлгэх, арьсаа цоолуулах, байнгын бэлгийн хавьтагчгүй, тохиолдлын бэлгийн хавьталд орж байсан бол жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орох хэрэгтэйг онцоллоо.

Ихэнх өвчтөнүүд ганцаараа хэвтэж эмчлүүлэх хүсэлтэй байдаг бөгөөд уг нөхцөлийг харгалзан хоёр өрөө гаргасан байна. Нэг өрөөндөө хоёр ортой, орны урдуур хаалттай юм. Тэгснээр өөрийгөө таниулахгүй байх боломжтой.

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он