picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 2-р сарын 13, Мягмар гариг, 15:58

Дорноговь аймгийн төв, Замын Үүд сумын хүсэлтээр сүрьеэгийн чиглэлээр уулзалт, сургалтуудыг зохион байгуулаад ирлээ. 

Дорноговь аймгийн ЭМГ-аас дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг угтаж “Сүрьеэгийн тархалтыг бууруулья” сэдэвт 2 сарын аяныг зохион байгуулж байгаатай холбогдуулан G-xpert-ийн аппарат суурилуулах, эмч эмнэлгийн ажилчдын сургалт, албан байгууллагын удирдлага, ажилтан албан хаагчдад идэвхтэй илрүүлэгт хамрагдахын ач холбогдлыг ойлгуулах нөлөөллийн уулзалтыг хамтран зохион байгуулах хүсэлтийг ХӨСҮТ-д тавьсны дагуу Сүрьеэгийн Тандалт Судалгааны Албаны дарга Д.Энхмандахаар ахлуулсан баг 2018 оны 2-р сарын 1-нээс 3-ны өдрүүдэд тус аймгийн Сайншанд болон Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. 

Тус аймагт ажиллах үедээ аймгийн НЭ, Замын-Үүд сумын НЭ-ийн 55 гаруй эмч мэргэжилтнүүдэд сүрьеэгийн чиглэлээр сургалт зохион байгуулж, СТСА-ны хяналтын эмч П. Янжиндулам “Сүрьеэ өвчний тухай ерөнхий ойлголт”, СТСА-ны дарга Д. Энхмандах “Сүрьеэ өвчний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторийн эмч Э. Баасансүрэн “Сүрьеэгийн илрүүлэлт, G xpert-ийн хэрэглээ”, СТСА-ны тархвар судлаач Б. Нямдулам “Сүрьеэгийн халдвар хяналт”сэдвүүдээр тус тус хичээл зааж, мэдээлэл хийсэн. Мөн аймгийн телевизд сүрьеэ өвчний байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцлага өгсөн.

Сүрьеэгийн клиникийн тасгийн эрхлэгч Б. Мөнхзул сүрьеэгийн сэжигтэй тохиолдлууд болон хүнд өвчтөнүүдийг үзэж,  эмч мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгсөн. Мөн интернэт суурилсан мэдээллийн системийн шинэчилсэн TUBIS-ийн хэрэглээн дээр зөвлөмж өгч, диспансерийн эмч, ажилчдын шүүлтүүртэй маскны тохироо шалган, кварцын гэрлийн хэмжилт хийж, чанарын шаардлага хангахгүй гэрлүүдийг солих зөвлөмж өгч  ажиллалаа.

Сүрьеэгийн лабораторид Глобаль сангаас хүлээлгэн өгсөн G-xpert-ийн аппарат суурилуулж, ажлын байран дээрх сургалт зохион байгуулж 4 хүний шинжилгээ хийсэн. Мөн Замын-Үүд сумын НЭ-ийн сүрьеэгийн лабораторийн биоаюулгүй шүүгээг ажиллагаанд оруулах талаар зөвлөмж өгсөн.

Замын Үүд сумын Засаг даргатай уулзаж, төрийн болон төрийн бус байгууллагын 23 ажилтан албан хаагчдад нөлөөллийн уулзалт зохион байгууллаа.

 

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он