picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 10-р сарын 19, Лхагва гариг, 09:59

Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин

   Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр, Дархлаажуулатын үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын мянганы сорилтын сангийн санаачлага, санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хүний хөхөнцөр вирүс”-ийн халдвараас сэргийлэх вакциныг дархлаажуулалтанд шинээр нэвтрүүлэхээр бэлтгэж байна.

   2005 онд Улаанбаатар хотын оршин суугч 15-59 насны нийт 969 эмэгтэйчүүдэд ХХВ-ын тархалтын судалгаа ДНК-ийн шинилгээгээр хийхэд 35% буюу 350-д нь,  25-аас доош насанд 48.5% нь уг вирүс илэрсэн. Мөн эдгээр хүмүүсийн цусны ийлдсэнд хийсэн эсрэг бие илрүүлэх шинжилгээгээр 38%-д нь эерэг (+)буюу ХХВ-ээр халдварлагдаж байсан байна. Эдгээр үзүүлэлт нь Азийн орнуудад адил аргаар хийсэн судалгаа шинжилгээнүүдтэй харьцуулахад хамгийн өндөр байна.

   Манай улсад сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын дотор 2 дугаарт, нас баралтын 4 дүгээрт орж байна. Умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдол 2006-2008онуудад 10.000 хүн амд 1.23-1.55 промиль болж цаашид өсөх хандлагатай байна.

   Иймээс дэлхийн 100гаруй улс оронд хэрэглэгдэж, үр дүнтэй болох нь тогтоогдсон, НҮБ-ын агентлагууд зөвшөөрсөн,  ДЭМБ-ын стандартыг хангасан “Хүний хөхөнцөр вирүс”-ийн халдвараас сэргийлэх вакциныг дархлаажуулалтанд үе шаттайгаар нэвтрүүлэх бодлого хэрэгжүүлж байна.

   Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн байдлыг харгалзан эхний ээлжинд Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Багануур  дүүргийн 11-15 насны, 14491 охидыг сонгон дархлаажуулахаар бэлтгэж байна. Цаашид дээрх насны бүх охидыг бүрэн хамруулан дархлаажуулах зорилготой байгаа.

   Одоо хэрэглэхээр сонгож аваад байгаа GARDASILвакцин нь Хүний хөхөнцөр вирүсийн хамгийн түгээмэл тохиолддог 6,11,16,18 дах хэвшинжээр үүсгэгдсэн умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтэн, хошногоны хорт хавдар, бэлгийн үү болон эдгээр хавдарын урьтал өвчнүүдээс 70-90% сэргийлнэ.

   Дархлаажуулалтын эхний тунг  2012 оны 3 дугаар сарын 12-16 нд, 2 дахь тунг 2012 оны 5 дугаар сарын 20-25 нд, 3 дахь тунг 2012 оны 9 дүгээр сарын 10-14 нд тус тус хийнэ.  Энэ вакцин нь булчинд тарьж хэрэглэдэг вакцин байгаа.

  Сонгогдсон аймгуудын ЭМГ-тай хамтран бэлтгэл ажлуудаа амжуулж, товлосон хугацаанд дархлаажуулалтаа хийхээр ММСС, ХӨСҮТ идэвхтэй ажиллаж байна.

   Шинэ вакцин нэвтрүүлэх ажлыг санаачлан, санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа мянганы сорилтын сангийнхан, хүн амд зөв тодорхой мэдээлэл хүргэхэд хамтран ажиллаж байгаа хэвлэл мэдээллийнхэнд талархал илэрхийлье.

 

ХӨСҮТ-ийн эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний нэгж

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он