picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Сүрьеэгийн тандалт судалгааны алба

Тус алба нь ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын тушаалаар батлагдсан ажиллах эрх, үүргийг тусгасан байгууллагын дүрмийн хүрээнд, улсын хэмжээнд сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах үндсэн үүрэгтэй алба юм.

Алсын хараа

Монгол улсад сүрьеэгийн өвчлөлийг эрс бууруулж, 2050 он гэхэд сүрьеэгийн тохиолдлыг 1000000 хүн ам тутамд 1-ээс бага болгох дэлхийн сүрьеэтэй тэмцэх стратегийн зорилтод хүрэх.

Хэтийн зорилго

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг хангаж, 2015 он гэхэд сүрьеэгийн тархалтыг 100 000 хүн амд 150, сүрьеэгийн нас баралтыг 100 000 хүн амд 15 болгож бууруулах

Түүхэн товчоо

1924 оны 3 сарын 11-ний өдөр Монгол улсын Засгийн Газар, Цэргийн зөвлөлийн шийдвэрээр дотор-сүрьеэгийн алба (тасаг) байгуулсанаар анх сүрьеэтэй тэмцэх алба үүссэн түүхтэй. 1931 оноос сүрьеэ эсэргүүцэх газар 1 байсан бол 1943 онд 3 болж мөн сувилал нэмж байгуулсан байна.

1936 онд Улсын төв эмнэлгийн дэргэд сүрьеэтэй өвчтөн эмчлэх 15 ортой тасаг нээж ажиллуулжээ.1943 онд улсын сүрьеэгийн төв диспансер, 1946 онд 15 ортой айраг сувилал байгуулагджээ.

1953 онд Уушгины сүрьеэг эмчлэх эмнэлэг,

1955 онд ясны сүрьеэг эмчлэх эмнэлэг,

1959 онд сүрьеэтэй хүүхэд эмчлэх эмнэлэг,

1960 онд сүрьеэтэй хүүхдийн ойн сургууль,

1978 онд сүрьеэ уушгины эмгэг судлалын төв,

1994 онд сүрьеэгийн үндэсний төвийг тус тус байгуулан ажиллуулж байжээ.

1994 онд Сүрьеэтэй Тэмцэх Үндэсний хөтөлбөр (СТҮХ) батлагдан хэрэгжиж эхэлсэн ба Сүрьеэгийн Үндэсний Төв нь 2001 оноос ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт Судалгааны Алба, Сүрьеэгийн клиник гэсэн нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

Үндсэн үйл ажиллагаа

Тус алба нь дүн бүртгэл үзлэг хяналт, лавлах лабораторийн 2 тасагтай. 

СТСА-ны дүн бүртгэл үзлэг хяналтын тасаг нь:

·         “Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх үндэсний стратеги” -ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад мэргэжлийн удирдлагаар хангах, олон улсын, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах

·         ДЭМБ, СУӨТОУХ-ны гаргаж байгйй зөвлөмжийг үндэслэн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх аргачлал стандартыг боловсруулж, нэвтрүүлэх

·         Сүрьеэгийн эмийн захиалга хийж, чанартай баталгаатай эмээр төв, орон нутгийн сүрьеэтэй тэмцэх байгууллагуудыг тасралтгүй хангах

·         Улсын хэмжээнд сүрьеэтэй өвчтний бүртгэл мэдээлэл, сүрьеэгийн мэдээ тайланг хүлээн авч, нэгтгэн дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээг боловсруулж төлөвлөх

·         Сүрьеэгийн болон бусад мэргэжлийн эмч, эмнэлгийн дунд мэргэжилтний сургалт семинарыг зохион байгуулах

·         Хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавих, хянан зааварлах хэсгийг ажиллуулж, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сүрьеэтэй тэмцэх ажилд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх

·         Иргэдэд сүрьеэ өвчний талаар мэдлэг олгох, сургалт сурталчилгааны материал боловсруулах, сурталчилгааг бэлтгэн явуулах

·         Сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах талаар стратеги, бодлого төлөвлөгөө боловсруулах

·         Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтэнд хяналт тавих, мэргэжил арга зүйн тусламж, зөвлөгөө үзүүлэх

·         Улсын хэмжээнд сүрьеэгийн өвчлөл, тархалтын хандлагыг тодорхойлох, тандалт судалгаа хийх, цаашид авах арга хэмжээг төлөвлөх

·         Сүрьеэгийн 33нэгжийн /аймаг, дүүргийн диспансер, Хорихын сүрьеэгийн эмнэлэг, Энэрэл эмнэлэг/ лабораторийн түрхэцийн шинжилгээнд чанарын хяналт тавих, улсын хэмжээнд эмийн мэдрэг чанар тодорхойлох, өсгөвөрлөх, иммунологи, молекул биологийн шинжилгээ хийх, лабораторийн бодлого зохицуулалт зэрэг лавлах лабораторийн үүрэг гүйцэтгэх

·         Сүрьеэгийн нэгж байгууллагын явуулж буй сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагааг газар дээр нь очиж шалгаж, орон нутгийн эмнэлгийн байгууллагууд болон эмнэлгийн ажилтануудтай хамтран ажиллаж алдаа дутагдал, ололт амжилтыг дүгнэн тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх

·         Сүрьеэ өвчин болон өвчтөний бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож, тайлан мэдээг хүлээн авч нэгтгэн дүгнэж, эргэн мэдээлэх

·         Оношлогоо, эмчилгээнд шаардлагатай урвалж бодис, эм, тоног төхөөрөмжийн захиалга хийх, хүлээн авч ханган нийлүүлэх, зарцуулалтанд хяналт тавих.

·         Сүрьеэгийн чиглэлийн бүх төрлийн судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, сургалтын үр дүнг эргэн тооцож ажиллах

·         Аймаг, дүүрэг, бусад эмнэлгээс онош тодруулах, эмчилгээний асуудал шийдвэрлүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчдэд холбогдох үзлэг, шинжилгээг хийж зөвлөгөө өгөх, сүрьеэг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх

·         ДЭМБ зэрэг Олон улсын байгууллагууд болон өөрийн орны төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг чиглэлээр ажиллаж байна.

Сүрьеэгийн үндэсний лавлах лабораторийн тасаг нь:

·         ДЭМБ, СУӨТОУХ-ны гаргаж байгаа зөвлөмжийг үндэслэн сүрьеэ өвчнийлабораторийн оношлогооны аргачлал, стандартыг боловсруулж, нэвтрүүлэх

·         Сүрьеэгийн лабораториудынүйл ажиллагааг газар дээр нь шалгаж, орон нутгийн эмнэлгийн байгууллагууд болон эмнэлгийн ажилтнуудтай хамтран тухайн лабораторийн ажлын ололт амжилт, алдаа дутагдлыг нэгтгэн дүгнэж тулгарч буй бэрхшээлийг тодорхойлон авах арга хэмжээг  цаг алдалгүй авч хэрэгжүүлэх

·         Сүрьеэгийн эмэнд даслын тандалт судалгаа явуулах, шинэ дэвшилтэт арга, аргачлалыг нэвтрүүлэх

·         Сүрьеэгийн лаборант нарын суурь, давтан сургалт, чанар шалгагч нарын сургалт, үндэсний зөвлөлгөөн  зохион байгуулах

·         Олон улсын лавлагаа лабораторийн гадаад чанарын хяналтын үнэлгээнд хамрагдах, сүрьеэгийн сүлжээний 37лабораторийг  гадаад чанарын үнэлгээнд хамруулж  чанарын хяналтын гүйцэтгэлийг эргэн мэдээлж, хариу арга хэмжээ авах

·         Сүрьеэгийн сүлжээний лабораториудын сар, улирлын мэдээ, тайланг хүлээн авч нэгтгэх

·         Сүрьеэгийн сүлжээ лабораториудыг тэдний хэрэгцээнд үндэслэн урвалж бодисыг захиалах, хуваарилах, зарцуулалтад хяналт тавих

·         Аймаг дүүргээс ирүүлсэн онош тодруулах болон эмчилгээ хяналтын өвчтнүүдийн сүрьеэг илрүүлэх нян судлалын шинжилгээ хийх

·         Хатуу, шингэн  тэжээлт орчинд өсгөвөрлөх шинжилгээ хийх

·         Сүрьеэгийн эсрэг 1 болон 2–р эгнээний эмэнд мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ хийх

·         Молекул биологийн аргаар эмэнд мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ хийх

·         Биеийн шингэнд аденозин деаминазагийн идэвхжил, интерферрон гамма тодорхойлох  шинжилгээ хийх зэрэг шинэ шинэ дэвшилтэт аргуудыг хэрэглэж байна.

Халдвартай хэлбэрийн сүрьеэг эрт илрүүлэх зорилгоор сумын эмнэлгийн түвшинд сүрьеэгийн сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх тогтолцоог нэвтрүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэн, тогтвортой байдлыг хангах дэд төслийг эхлүүлж Монгол улсын21 аймгийн 327 сумдаас аймаг руу сорьц тээвэрлэх тогтолцоог бий болгохоор эрчимтэй ажиллаж байна.

 

СТСА

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он