picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН
ТҮҮХЧИЛСЭН ЛАВЛАХ

 

           Сүрьеэгийн алба:
            1924 оны 3-р сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн Газар, Цэргийн зөвлөлийн шийдвэрээр дотор-сүрьеэгийн алба /тасаг/ байгуулснаар анх сүрьеэтэй тэмцэх алба үүссэн түүхтэй. 1931 оноос сүрьеэ эсэргүүцэх газар 1 байсан бол 1934 онд 3 болж мөн сувилал нэмж байгуулсан байна.
            1936 онд Улсын төв эмнэлгийн дэргэд сүрьеэтэй өвчтөн эмчлэх 15 ортой тасаг нээж  ажиллуулжээ. 1943 онд улсын сүрьеэгийн төв диспансер, 1946 онд 15 ортой айраг-сувилал байгуулагджээ.
            1953 онд Уушигны сүрьеэг эмчлэх эмнэлэг, 1955 онд ясны сүрьеэг эмчлэх эмнэлэг, 1959 онд сүрьеэтэй хүүхэд эмчлэх эмнэлэг, 1960 онд сүрьеэтэй хүүхдийн ойн сургууль, 1978 онд сүрьеэ уушигны эмгэг судлалын нэгдсэн төв, 1994 онд Сүрьеэгийн үндэсний төвийг тус тус байгуулан ажиллуулсан байна.

           Халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн алба:
            1940 оны 3 дугаар сард бактер шинжилгээний газарт халдвар судлалын тасаг байгуулж халдварт өвчнийг бүртгэж мэдээлэх голомтонд арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэх үүргийг хариуцуулжээ.
            1942 онд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийн дэргэд ариун цэвэр халдвар судлалын тасаг байгуулж 1948 оноос станц болгосон байна.
            1958-1970 онуудад улс, орон нутгийн хэмжээнд ариун цэвэр халдвар судлалын нэгж тусламжийн албадыг нэгтгэн Халдварт өвчин судлоалын төвийг байгуулан улс, нийслэлийн хүн амын халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг хариуцуулан гүйцэтгэжээ.
            “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн Газрын 1994 оны 8-р сарын 24-ний өдрийн 153 дугаар тогтоолоор Халдварт өвчин судлалын төв байгуулагдсан байна.

            БЗХӨ-тэй тэмцэх алба:
            1946 онд СнЗ-ийн 61-р тогтоол Төв эмнэлгийн дэргэдэх тасгийг 150 ортой болгон Гандангийн Сүхбаатарын сургуульд оруулжээ. СнЗ-ийн 1957 онд Төв засан хүмүүжүүлэх газрын хашаа байрыг засварлаж, гандан, Захын контор хоёрыг нэгтгэн 200 ортойгоор байгуулжээ. 1971 оны СнЗ-ийн 278-р тогтоолоор арьс өнгөний өвчнийг эсэргүүцэх улсын диспансерийг Улаанбаатар хотын арьс өнгөний нэгдсэн диспансер больництой нэгтгэж АӨЭСТ болгон улсын хэмжээнд арьс өнгөний өвчинтэй тэмцэх ажлыг хариуцуулжээ. 1991 оны 4-р сарын 1-ээс АӨЭСТ, АӨКЭ болгон бүтцийн өөрчлөлт хийгдэж 1994 оны 10-р сарын 1-нд ЭАХНСҮТ-ийн ДОХ-ын төв лабораторитой нэгтгэн ДОХ/БЗХӨ лавлагаа төв байгуулагдсан байна.
           
            Халдвартын эмнэлэг:
            Халдвартын эмнэлэг нь 1947 оны 6-р сарын 20-нд Улсын төв эмнэлгээс салбарлан 200 ортой үндсэн 5 тасагтай, 86 орон тоотойгоор Богд уулын аман дахь Зайсан толгойн дэргэдэх Зөвлөлийн цэргийн эмнэлгийн байранд байгуулагджээ. 
            Тус эмнэлэг нь 20 жилийн (1947-1967) дотор 400 ортой 7 тасагтай клиникийн болон бактериологи, биохимийн лаборатори, угаалга ариутгал, рентген, электрокардиограф, мэс засал, эмгэг анатомын тасагтай, архаг цусан суулгатай хүүхдийн 60 ортой ясли, зарим халдварт өвчний кабинет, номын сан, радио узел бүхий эмнэлэг, үйлчилгээний 22 салбартай Халдвартын төв эмнэлэг болсон.
            1981 онд 329 дүгээр тогтоолоор Халдвартын төв эмнэлэгт 200 ортой хүүхдийн халдварт өвчнийг эмчлэх больницийг нэгтгэн 725 ортой, 12 тасагтай, 8 туслах тасаг салбартай, 700 гаруй эмч, ажилчидтай, Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэг болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж иржээ.

            Халдварт өвчин судлалын сектор:
            Халдварт өвчин судлалын чиглэлээр эрдэм судалгааны ажил явуулдаг анхны байгууллага нь 1961 онд байгуулагдсан ШУА-ын харьяа Анагаах Ухааны хүрээлэнгийн халдвар нян судлалын сектор байв. Хожим нь 1968  онд тус хүрээлэн нь ЭМЯ-ны харьяанд шилжсэн бөгөөд, 1985 онд АУХ-ийн Халдвар-эпидемиологийн сектор нь тэр үеийн ЭАХНСУИ-ийн Вирус судлалын лабораторитой нэгдэн Эрдэм шинжилгээний салбар, 1994 онд ЭАХНСҮТ-ийн Вируст гепатитын сектор, 1997 НЭМХ-ийн Халдварт өвчний судлагаа шинжилгээний төв болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж халдварт өвчин судлалын чиглэлээр олон арван судалгааны ажлуудыг явуулж иржээ.
 
            Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв:
            Монгол Улсад Халдварт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын  Эрүүл Мэндийн Сайдын 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр тушаалаар Халдварын клиникийн эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв, Сүрьеэгийн үндэсний  төв, Сүрьеэгийн клиникийн эмнэлгийг тус тус татан буулгаж Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийг байгуулж, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн гүйцэтгэж байсан “Гепатит, томуу, сүрьеэ зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх, түүнийг оношлох, эмчлэх шинэ арга” сэдвүүдийг гүйцэтгэгчдийн хамт ХӨСҮТ-д 2001 оны 4 дүгээр сарын 01-ний дотор шилжүүлэхээр шийдвэрлэжээ. ХӨСҮТ-ийг бүтэц зохион байгуулалтын хувьд бүрдүүлсэн эдгээр байгууллагууд нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт түүхэн үүрэг гүйцэтгэсэн өөр өөрийн баялаг түүхтэй.

 

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он