picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Эмч, эмнэлгийн ажилтанд зориулсан улаанбурхан өвчний зөвлөмж

Улаанбурхан нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусын гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин.

Анхны тохиолдлыг IX дүгээр зууны үед Арабын эмч Разес тодорхойлж бичсэн ч 18-р зууны үед л бие даасан өвчин гэж бүртгэх болсон бөгөөд 1954 онд үүсгэгч вирусыг ялгаж, 1967 онд Орост А.А.Смородинцевын удирдлагаар вакциныг анх үйлдвэрлэжээ.

Манай оронд 1972 онд Зөвлөлт-Монголын эрдэмтэд Ленинград 16 вакцинийг Дархан хотод клиникийн туршилтанд оруулж, 1973 оны 4 дүгээр сараас 7 аймгийн,1-8 насны хүүхдийг хамруулан тарьснаас гадна, 1973 оны 10 дугаар сард үлдсэн аймаг хотуудад 1 настайгаас 14 нас хүртэл ихэсгэж тарих ажлыг зохион байгуулав. Улаанбурхан өвчин Монголд 1976, 1984, 2001 онуудад эпидеми байдлаар тархаж байсан.

Тархвар судлал.

Халдварын эх уурхай нь өвчтэй хүн. Халдвар агаар дуслын замаар дамжина. Уг вирусын анхны байрших дуртай газар нь хамар залгиурын салст. Вирусын халдвар авсан хүн бараг цөмөөр улаанбурханаар өвчлөх магадлалтай. Өвөл, хавартаа илүүтэй гардаг. Дархлаа тогтоц 15-20 жил гэж үздэг.Үүсгэгч шүүгдэгч вирус нь тунгалагын булчирхайд зөөгдөн очиж, тэндээ үржинэ. Нууц хугацааны 3-5 хоногтоо вирус цусаар дамжина. Эдгээр хоногуудад өвчтөний биеийн байдал сайжрах шиг болдог ч дахин өвчний шинж тэмдэгүүд тодорч өвчин хүндрэх нь олонтой.

Эмнэл зүй.

Клиник шинж тэмдгээр нь:

1.Улайх үрэвслийн үе

2.Тууралтын үе

3.Эдгэрэлтийн үе гэж 3 хуваадаг.

Нууц үе нь дундачаар 9-11 хоног. Энэ өвчний шинж тэмдэг илрэх  хугацаа хэтэрхий их урт, заримдаа суларч сунжирсан улаанбурханы хувьд дөрвөн 7 хоног хүрч сунжрах ч бий. Энэ үедээ өвчин тараах нь улам ихсэнэ.

Өвчин цочмог байдлаар өндөр халуурах (39°-40°С), бие сулрах, цочромтгой, ууртай болж, ерөнхий хордлогын шинж илэрч, толгой өвдөх, хоолны дуршил буурч, нойр хямардаг. Стимсоны гурвал хам шинж: Нэгдүгээрт: Ринит, Хоёрдугаарт: Ларингит, Гуравдугаарт: Коньюктивит гэсэн гурван шинж тэмдэг илэрдэг тул энэ үед нь амны хөндийд нарийвчилсан үзлэг хийж, улайх үрэвслийн үед нь л оношийг эрт тавих нь маш их ач холбогдолтой.

Хамар залгиурын үрэвсэлд, найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, цаашдаа ногоон өнгөтэй нус гарна.

Төвөнхийн үрэвслийн үед хуурай шаналгаатай, олон удаа хуцуулж ханиана, хоолой сөөнө. 

Нүдний үрэвсэлд: нүдний салст хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах, өвчтөний нүүр хөөнгөдүү, хамар, уруулын салст, зовхи, хавагнасан байна. Өвчний эхний үед Бельский-Филатовын (БФ) толбо гарна. Энэ толбо нь: улайсан салст бүрхэвчийн суурин дээр салстаас дээш өргөгдсөн шар будааны хэмжээтэй цайвар шаргал өнгөтэй, толбот тууралт бөгөөд бага арааны харалдаа завьжны салст бүрхэвч, заримдаа хошногоны амсар, бэлэг эрхтний салст бүрхэвч зэрэгт гардаг. БФ-ын толбо нь хоорондоо нийлдэггүй, хусаж арилгаж болдоггүй онцгой чухал шинж тэмдэг юм. Энэ толбо 2-3 хоног ажиглагдаад арьсаар тууралт гарч эхэлмэгц арилна. Энэ толботой нэгэн зэрэг хатуу зөөлөн тагнай, гүйлсэн булчирхай, залгиурын арын хананд тууралтууд гарна. Өвчний эхлэл үеийн 5 хоногт нь дахин өндөр халуурч, улайлтын үеийн шинжүүд даамжирч арьсаар тууралт гарна.Тууралтын элемент нь том, толбо-гүвдрүүтэй байх ба тод улаан өнгөтэй, том толбо хоорондоо нийлж, барсгар хэлбэртэй болдог.  Өвчтөний арьс улаан цоохор харагдана. Улаанбурханы тууралтын гол онцлог нь дэс дараалсан, үечилсэн, дээрээс доошоо чиглэсэн нь байдаг нь оношийн чухал ач холбогдолтой шинж тэмдэг болохоор энэ үед л хожуу Улаанбурхан гэж оношлох нь олонтой тохиолдож байна.

Тууралт нь чихний араас эхлэн эхний өдөр нүүр хүзүү, цээжний дээд хэсгээр, 2 дах өдөр их биеэр, 3 дах өдөр мөчдөөр гарах ба тууралт дээрээсээ бүдгэрч эхэлдэг. Энэ үед бага зэрэг загатнана. Тууралт арилахдаа гарсан дарааллаар ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үлдээнэ. Энэ нөсөө нь 1-3 долоо хоног хадгалагдана. Мөн эрүүн доорхи болон хүзүүний тунгалагын булчирхайнууд томорч эмзэглэлтэй байна. Хэл чийглэг, цайвар өнгөртэй байх ба шүлс их ялгарна. Ходоод гэдэс хямрах, нүүр нь хөөнгө болох, зовхи хавагнах, гэрлээс зугтамхай болох, байнга хуурай ханиах, хоолой сөөнгөтөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тууралтын өмнөх 3-4 хоног, дээр нь нэмээд тууралтын 4-5 хоногтоо буюу 8-10 хоногтоо халдвар хамгийн их тараадаг.

Улаанбурханы вакцин тариулсан хүний өвчлөлийн клиникийн явц нь зарим хүмүүст нийтлэг бус их өөр өөр шинж тэмдэгтэй. Тухайлбал: Улайж үрэвсэх болон Бельский-Филатовын (БФ) шинж огт илрэхгүй буюу сул илрэх мөн дэс дараалсан, дээрээсээ доошоо чиглэсэн тууралтын шинж тэмдэг  нь бүдэг бадаг байхаас гадна толгой өвдөх, хоолой өвдөх, хуурай ханиах, шинж тэмдэг илүүтэй илэрч, томуу болон томуу төст өвчнүүдтэй андуурч, эмнэлгийн дотоод халдвар тасаг, өрөөнүүдэд тархаж болох тул халдвар хяналтын арга хэмжээг улам чангатгах шаардлагатай. Иймд эрт үед нь өрх дүүргийн эмч, анхны үзсэн эмч бүр амны хөндийг сайтар үзэж, оношийг улаанбурханы сэжигтэй гэж үзвэл өвчтөнг гэрт нь тусгаарлаж, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийж, өдөр тутмын хяналт гэрээр тогтоох нь халдвар судлалын илүү их ач холбогдолтой.

Хүндрэл: Ларингит, трахеит, бронхит, отит, энцефалит, менингит болохоос гадна хоолой бачуурах, даралт буурах, амьсгал давхцах үед нарийн мэргэжлийн эмчийн зөвөлгөө яаралтай  авч, даруй эмнэлэгт хэвтүүлж эмчлэх хэрэгтэй.

Эмчилгээ

Өвчин хүндрээгүй үед гэрээр эмчилнэ. Хэвтэрийн дэглэм сахиулж, чанартай хөнгөн хоолоор сувилж, шингэн ихээр уулгаж, витамин эмчилгээ хийнэ. Асаргаа сувилгааг гойд анхаарна. Амны хөндийг буцалсан ус, 2%-ын содын уусмалаар зайлуулна. Нүдийг хурц гэрлээс хамгаалж, нүдний дусаалга хэрэглэнэ. Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, өрөөг байнга салхилуулж байх хэрэгтэй. Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж, нянгийн халдвар давхар авсан тохиолдолд антибиотик, хордлого тайлах, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ, хуурай ханиалганд кодеин, дионин, гербион, цэр ховхлох эм уулгана. Бачууралд бүлээн ваннд суулгах, хоолойд бүлээн жин тавих, хоолойг утах, хөлийн эрээн булчинд гич тавих, гөлгөр булчингийн агчил тавиулах эм хэрэглэх /ношпа, эуфиллин/ зэрэг эмчилгээнүүдийг хийнэ.

Тахалт дэгдэлтийн эсрэг авах арга хэмжээнд нь: халдвар судлалын хяналт, ажиглалт тандалтыг батлагдсан заавар, гаргасан тушаал шийдвэр, зөвлөмжийг чанд баримтлан ажиллах шаардлагатай.          

Урьдчилан сэргийлэлтэнд 17-21 хоног хөл хорио тогтоох нь зүйтэй. Эрдэмтэн судлаачдын судалгаанаас дүгнэлт хийж үзвэл: Нууц үе урттай улаанбурхан өвчний хувьд хавьтал болсон хүмүүст: 1. Улаанбурханаар өвчлөөгүй, 2. Тарилга хийлгээгүй, 3. Нэг удаа вакцин тариулсан, 4. Тарилгын бичиг баримт нь бүрэн бус 1 нас хүрсэн бүх хүмүүст вакцин тарих нь илүү үр дүнтэй ашигтай арга хэмжээ болох юм.

Үүнээс гадна нэг нас хүрээгүй байхдаа улаанбурханы вакцин хийлгэсэн хүүхдүүдэд дахиад хэдэн сарын дотор заавал дархлаажуулалт хийх зохистой  болохыг цөөн тооны хүүхдүүдэд дархлал тогтоцыг судалж шинжлэн үзээд улаанбурханы тарилгын товлолд нэмэлт оруулах эсэх, мөн шийдвэрлэх, мөн их сургууль, коллежид шинээр элсэн суралцагсдыг нэмэлт дархлаажуулалтанд хамруулах нь илүү зохистой байж болох юм.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЪЯАТ АЖИЛТАН, АНАГААХ УХААНЫ ДОКТОР,

ДЭД ПРОФЕССОР Н.ЦЭНД

 

 

 

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он