picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 7-р сарын 28, Баасан гариг, 12:53

Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд Монгол Улс 7 дахь удаагаа энэ өдрийг Хепатитийг таслан зогсооё уриан дор тэмдэглэж байна.

Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан €œВируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021-ийн хепатитийн вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын засгийн газрын анхаарлыг татах, шийдвэр гаргагчид, иргэд, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусын халдвараас сэргийлэх, өөрсдийнхөө эрсдэлт зан үйлийг өөрчлөх талаар иргэдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх, эрүүл амьдрах дадлыг хэвшүүлэх, түүнчлэн уг вирусын халдварыг илрүүлэх илрүүлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, вируст хепатитийн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн.

Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа 40-65 насны иргэдийн илрүүлэг шинжилгээнд зорилтот насны нийт хамрагдвал зохих хүн амын 40 орчим хувь буюу 230 гаруй мянган хүнийг хамруулаад байна.

Элэгний В, С вирусын халдвар илрүүлэх, вирус тоолох шинжилгээ хийх, элэгний вирусын эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгосон нь хүн амд эмчилгээ оношилгоог хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм.  

Иргэд ялангуяа залуучууд хепатитийн вирусын халдвараас өөрсдийгөө сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлэн, зөв дадал хэвшлийг бий болгож, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх нь уг өвчнийг таслан зогсооход ихээхэн хувь нэмэр болох юм.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хувьд жилд дундажаар 42 мянган хүнд амбулаторийн үзлэг хийж байгаагаас 15 мянган хүн нь В,С вирусын илрүүлэг үзлэгт хамрагдаж байна. Түүнчлэн 2016 оноос эхлэн В,С вирус тоолдог болсноор өнгөрсөн хугацаанд 1505 хүний В вирусыг, 1888 хүний С вирусыг тус тус тоолж, В вирусын эсрэг вакцинд 27200 хүнийг хамруулаад байна.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд өнөөдөр Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан өдөрлөг болж, үйлчлүүлэгч нартаа мэдээлэл сургалт сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулж, В,С вирусын илрүүлэг үзлэг хийх, сахарын хэмжээг тодорхойлох, цусны даралтыг үзэх гэх үйлчилгээг үзүүллээ. 

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он