picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 9-р сарын 06, Лхагва гариг, 16:41

ТОМУУГИЙН ХАРУУЛДАН ТАНДАЛТЫН НЭГЖҮҮДИЙН УУЛЗАЛТ СЕМИНАР БОЛЖ БАЙНА

alt

ЭМЯ, ХӨСҮТ-өөс хамтран Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт, семинар 2017 оны есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд болж байна. Семинарыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн Халдварт өвчны тандалт судалгаа хариуцсан дэд захирал Б.Цацралт-Од нар товч үг хэллээ.

Томуу болон амьсгалын замын бусад вирүсийн шалтгаантай халдвар нь манай улсад жил бүрийн хавар, намар, өвлийн улиралд хүн амын дунд дэгдэлт хэлбэрээр гарч, хүн амын дундах хөдөлмөрийн чадвар алдалт болон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийн ачааллыг нэмэгдүүлж, ялангуяа бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг байсаар байна. Томуу нь үүсгэгчийнхээ хэт хувьсамхай чанараас шалтгаалан улс орон, бүс нутаг, дэлхий нийтийг хамарсан дэгдэлтийг үе үе үүсгэж, эрүүл мэнд болон эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг халдварт өвчин билээ.
Манай улсын томуугийн тандалтын тогтолцоо сүүлийн 10 гаруй жилд тогтвортойгоор хөгжиж ирсэн.

1997 оноос Зүүн-Өмнөд Азийн зарим орнуудад гарч эхэлсэн томуугийн А вирүсийн (H5N1), 2013 оноос манай хөрш зэргэлдээ БНХАУ-д бүртгэгдэж эхэлсэн томуугийн А вирүсийн (H7N9) нь хүнд өвчлөл үүсгэн, нас баралт өндөртэй байгаа бол, зарим улс оронд бүртгэгдэж буй томуугийн А вирүсийн шинэ дэд хэвшинжүүд нь алаг цоог, хөнгөн хэлбэрийн өвчлөлийг үүсгэсээр байна.

Засгийн газраас 2017 онд баталсан Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрт томуугийн тандалтыг өргөжүүлэх, томуугийн цартахлын үеийн бэлэн байдлыг хангах дэд хөтөлбөрийг оруулж, Томуугийн цартахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжийг ДЭМБ-аас гаргаж буй шинэ удирдамжийн дагуу шинэчлэх, томуугийн халдварт өртөж, үгдрэх эрсдэлт бүлгийн хүн ам болох жирэмсэн эмэгтэйчүүд, 5 хүртэлх насныхан, өндөр настнууд, архаг хуучтай хүмүүсийг томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг өргөжүүлэх, хамралтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төвтэй Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Сангийн яамтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу зохион байгуулж байна.

ХӨСҮТ, Томуугийн үндэсний төв нь Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний /ТТӨ/ дэгдэлт болон томуугийн болзошгүй цартахлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход шаардагдах нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бүхий л арга хэмжээний үндэслэл, аргачлал, тушаал, журам, шийдвэр боловсруулах, энэ чиглэлээр ЭМЯ, ДЭМБ болон бусад орны Томуугийн Үндэсний Төвтэй хамтран ажилладаг, мэдээлэл солилцох үүрэгтэй мэргэжлийн төв байгууллага юм.

Томуугийн тандалтын тогтолцоог хэвийн, тогтвортой явуулах, томуугийн шинэ вирүсийн халдварыг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад аймаг, дүүргийн томуугийн харуулдан тандалтын нэгж бүрийн тасралтгүй ажиллагаа нь хамгийн чухал юм. Сүүлийн жилүүдэд томуугийн харуулдан тандалтын нэгжийн эмч, мэргэжилтнүүдийн 50-60 хувь нь жил бүр солигдож үйл ажиллагааны доголдол үүсгэх хандлага ажиглагдах боллоо.
Дэлхий дахинд шувууны томуугийн вирүсийн хүний халдварын шинэ тохиолдлууд гарч дэлхий дахинд томуугийн цартахал ойртож байгааг сануулсаар байна.

Саяхан манай улсын Өмнөговь аймагтай хил залгаа Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур суманд шувууны томуугийн хүний өвчлөлийн нэг тохиолдол, зарим нэг аймагт тэжээвэр шувуудын дунд өвчлөл бүртгэгдэж, бид бэлэн байдлыг ханган, хариу арга хэмжээг аван ажиллаж байна.
АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн Үндэсний Төвөөс Томуугийн эрсдэлийн үнэлгээний аргачлалаар хийсэн эрсдэлийн үнэлгээгээр шувууны томуугийн H7N9 вирүс нь цартахлыг үүсгэж болзошгүй өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн байгааг анхаарч ажиллах нь зүйтэй.

Иймд томуугийн халдварыг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй байгууллага нэгжийн хувьд үйл ажиллагаагаа тогтортой байлгах, тасалдалгүй шуурхай ажиллахад нэн тэргүүнд анхаарах шаардлагатай байна.

Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт, семинарт ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордица, мэргэжилтэн О.Ариунтуяа, АНУ-ын Элчин сайдын яамны Эмнэлгийн хэлтсийн дарга Трэйси Вингерт болон тус хэлтсийн их эмч Д.Батсувд нар болон Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЗӨСҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, Улсын 1 дүгээр төв эмнэлэг, 3 дугаар төв эмнэлэг болон аймаг, дүүргийн томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирсэн эмч, мэргэжилтнүүд оролцож байна

 
 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он