picma.ru | 1joomla.ru

Амьсгалын замын цочмог өвчин, түүний хам шинж

Халдварт өвчний дотор амьсгалын замын  үрэвслийн шинж өргөн тохиолддог бөгөөд энэ шинжээр илэрдэг өвчнүүдийг амьсгалын замын цочмог өвчин (АЗЦӨ) гэж нэрлэдэг.

Амьсгалын дээд замын үрэвслийн үед зонхилон илэрдэг шинж нь ханиалга юм.

Ханиалга гэдэг нь уушгинаас болон амьсгалын замаас хоригдож байсан агаар хаалттай дууны завсраар огцом түлхэлттэй гарахыг хэлнэ 

Ханиалга

1.      Залгиурын(фарингальный)-богино хэмжээний угсруулсан

2.      Төвөнхийн (ларингальный)-бачуурал бүхий

3.      Давталт, дахилт бүхий

Амьсгалын дээд замын үрэвсэл нь эрхтэн тогтолцоог гэмтээсэн байдлаар:

o   Ринит – хамрын салстын үрэвсэл

o   Фарингит – залгиурын үрэвсэл

o   Ларингит – төвөнхийн үрэвсэл

o   Трахейт – цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл

o   Бронхит – гуурсан хоолойн үрэвсэл   гэж ангилагдана.

Төвөнхийн үрэвслийн улмаас амьсгал бачуурлын шинж гарах бөгөөд 4 зэрэгт хуваадаг.

1-р зэрэг

            Энэ үед түр зуурын амьсгаадалт илэрч амьсгал шуугиантай болно.

2-р зэрэг

            Амьсгал авахад төвөгтэй болж амьсгал дуталын шинжүүд – эгэмний дээд, доод хонхор, хэвлий амьсгал авахад татагдаж, холоос шуугиантай амьсгал сонсогдоно.

3-р зэрэг

            Амьсгал авахад маш хүнд болон амьсгалд цээжний булчингууд оролцож, уруул , гар хөлийн үзүүр хөхрөн өвчтөн тайван биш болно. Уушгинд амьсгал сонсогдохгүй болдог.

4-р зэрэг

Амьсгалын дутагдал дээд зэрэгт хүрч бүтэлт үүснэ.

Амьсгалын дээд замын үрэвслээр илэрдэг өвчнүүдийг дараах бүлгүүдэд хуваана.

1.      АЗЦӨ

2.      Амьсгалын замын үрэвслийн хам шинж бүхий бусад халдварт өвчнүүд

3.      Химийн хорт нэгдлийн улмаас үүсэх амьсгалын замын үрэвсэл

4.      Амьсгалын замын архаг үрэвсэлт өвчнүүдийн сэдрэлт /архаг ринит, вазомоторный ринит, архаг ларингит, архаг бронхит/

АЗЦӨ

o   Томуу

o   Иж томуу

o   Аденовирүсийн халдвар

o   РС вирүсийн халдвар

o   Энтеровирүсийн халдвар

o   Коронавирүсийн халдвар

o   Риновирүсийн халдвар

o   Герпес вирүсийн халдвар

o   Микоплазмын халдвар

o   Нянгийн шалтгаант ринофарингит

o   Менингококкын назофарингит

o   Амьсгалын дээд замын салст бүрхүүлийн үрэвслийн хам шинж

Амьсгалын замын үрэвслийн шинжээр илэрдэг халдварт өвчнүүд

o   Герпангина

o   Кү халууралт

o   Хөхүүл ханиад ба иж хөхүүл ханиад

o   Улаан бурхан

o   Улаанууд

o   Хамрын сахуу

o   Паратиф А

o   Салхинцэцэг

o   Боомын уушгины хэлбэр

Томуу

o   Вирүсээр үүсгэгдэнэ.

o   11-3 сард илүү тохиолдоно.

o   3 хүртэлх насны хүүхэд зонхилон өвдөнө.

o   Өвчний нууц үе 1-2 хоног

o   38.5-40хэм хүртэл халуурна.

o   Толгой өвдөх, ядарч сульдах, нойр муудах, хоолонд дургүй болох зэрэг хордлогын шинж илэрнэ.

o   Хордлогын шинжээс хойш 1-2 хоногийн дараа ханиалгаж, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэн, цагаан мөгөөрсөн болон гуурсан хоолойн үрэвслийн шинжүүд илэрдэг.

o   Үзлэгээр: хөөмий залгиурын арын хана, хүүхэн хэл, гүйлсэн булчирхай улайсан байна.

o   Уушгийг чагнахад: цулцангийн ширүүн амьсгал, хуурай хэржигнүүр сонсогдоно.

Аденовирүсийн халдвар

o   Амьсгалын зам, нүд ба гэдэсний салст бүрхүүл, тунгалгийн эдийг гэмтээж, халууралт хордлогын шинжээр илэрдэг.

o   Нууц үе 5-6 хоног

o   38-39С хэм хүртэл халуурна.

o   Хамар битүүрч, хамраас шүүслэг нус гарна.

o   Хамар залгиурын салст бүрхүүл хавагнан улайж залгиурын арын ханын хөхлөг нь улайж томорсон байдаг.

o   Шингэн цэртэй ханиах ба сүүлдээ бөгшүүлж ханиадаг.

o   Уушгинд тархмал хуурай, нойтон хэржигнүүр сонсогдоно.

Улаан бурхан

o   Өвчний нууц үе 9-11хоног

o   Өвчний улайралтын үед ерөнхий хордлогын шинжээс гадна хамар битүүрч, найтаах, хамраас нус гоожих, хуцуулж ханиалгах (төвөнхийн), хоолой сөөх шинжүүд илэрнэ

o   Нүдний салстын үрэвсэл (конъюктивит), энантемүүд илэрнэ.

o   Голдуу төвөнхийн үрэвсэл илэрч амьсгал бачуурлаар хүндэрдэг.

Хөхүүл ханиад

o   Нянгийн шалтгаант агаар дуслын замын халдварт өвчин

o   Нууц үе 3-14 хоног, дунджаар 5-8 хоног

o   Улайралтын үед халуун нь эхэн үедээ хэвийн байснаа сүүдээ 38-39 хэм хүрдэг.

o   Энэ үед бага зэрэг нусгайрах, хуурай ханиах шинж илэрч 14 хоног үргэлжилдэг.

o   Агчилт ханиалгын үед ханиалга өвөрмөц шинжтэй  дахилт бүхий болж ханиахын өмнө зөгнөх шинж-аура илэрнэ.

o   10-12 угсруулсан ханиалгын дараа эхэр татах чимээ гарч 1-4 минутын турш 3-6 удаа эхэр татсны дараа ханиалга намдах батөгсгөлд нь унжралдсан шар цэр гарч бөөлжинө. Үүнийг Реприз гэдэг.

Менингококкын назофарингит

o   Менингококкын халдварын хамгийн өргөн тохиолддог хэлбэр.

o   Нууц үе дунджаар 2-4хоног.

o   Толгой өвдөх, хоолой торох, хамар битүүрэх байдлаар эхэлнэ.

o   Халуун 38 хэм хүрч 2-3 өдөр үргэлжилнэ.

o   Залгиурын арын хана улайж, хөхлөгүүд нь тодорсон байна.

o   Хүүхдэд амьсгалын дээд замын улаймал үрэвслийн шинж тод илэрдэг.

Амьсгалын цочмог халтай хам шинж (АЦХаХ)

o   Вирүсээр үүсгэгдэж амьсгалын дутагдлаар илэрдэг. Коронавирүсийн халдварын 10%-д тохиолдоно.

o   Нууц үе 2-10хоног, голдуу 3-7хоног.

o   Урьтал үед 38С хэмээс дээш халуурна. Булчин, толгой өвдөх, хуурай ханиах, суулгах шинжүүд илэрч 1-2 хоног үргэлжилнэ.

o   Амьсгалын доод замын үрэвслийн үе – ханиалгах, амьсгал давчдах, амьсгаадах, амьсгал дутлын шинжүүд илэрдэг.

o   Амьсгал дутмагшил нь агшин зуур даамжирч амьсгалахад бэрхшээлтэй болох, амьсгаадах, арьс, амны салст хөхрөх, уушгийг чагнахад шажигнуур , хэржигнүүр сонсогдох шинжүүд илэрнэ. 

o   Рентгенд “Үүлэн сүүдэржилт”, “Цагаан уушги” шинжүүд илэрнэ.

o   Аажим даамжирах амьсгалын дутмагшил нь хөлийн үзүүр, царай хөхрөх, таталт илрэх, тогшилтоор чимээ бүдгэрэх, чагнахад шажигнуур, жижиг нойтон хэржигнүүр сонсогдох байдлаар илэрдэг.  Рентгенд нэвчдэст голомтот сүүдэржилт харагдана.

Амьсгалын замын цочмог өвчнүүдээс сэргийлэх:

o   Ариун цэвэр, эрүүл ахуйн аргууд

o   Амны маск зүүх, 4-6давхар маскийг 2цаг тутамд сольж зүүнэ.

o   Чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалт байнга хийх.

o   Кварцаар өдөрт 1 удаа 15-20минутаар өрөөг шарах.

 

 

1 Шинэ Коронавирусын халдварын сэжигтэй үед авах эмнэлзүйн менежмент (NCoV)
2 Томуугийн A(H7N9) вирусын халдвараас сэргийлье.
3 Менингококкт халдвар
4 Улаанбурхан
5 Томуу
6 Гар хөл амны өвчин
7 Улааннууд
8 Гахай хавдар
9 Салхин цэцэг
 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он