ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгааны тайлан, 2017 он

ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгааны тайлан, 2017 он (Монгол) 

ХУРААНГУЙ

Тандалт судалгааг эрсдэл өндөртэй хүн амын бүлгийн дундах Хүний дархлал хомсдолын вирүс (ХДХВ), Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын тархалтыг тандан судлах, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйлийг судлах зорилгоор хэрэгжүүлэв.

Судалгаанд ХДХВ, БЗДХ-т өртөх эрсдэлтэй хүн амын бүлэг болох эмэгтэй биеэ үнэлэгчид (n=458), эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд (n=261)- ийг хамруулав. Мөн ЭМЯ болон судалгааны удирдах зөвлөлийн зөвлөмжөөр өсвөр үе, залуучуудын төлөөлөл болох 15-24 насны их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд (n=1875)-ыг судалгаанд хамруулав.

Эмэгтэй биеэ үнэлэгч (ЭБҮ)-ийн судалгаанд байршил-цаг хугацаанд суурилсан түүвэрлэлтийн аргыг ашиглаж Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Дорнод, Хөвсгөл аймагт судалгааг явуулав. Эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд (ЭБЭ)-ийн судалгаанд хариулагч-чиглүүлсэн түүвэрлэлтийн аргыг ашиглаж Улаанбаатар хотод явуулав. Оюутны судалгаанд УБ хотод байрлах төрийн болон хувийн өмчит их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 15-24 насны оюутнуудыг хамруулав.

ХДХВ, БЗДХ-ын тархалт: Судалгаанд хамрагдсан ЭБҮ-ийн дунд тэмбүүгийн халдварын тархалт 24.5 хувь тодорхойлогдсон нь 2014 оны тандалт судалгааны дүнтэй харьцуулахад 4.7 пунктээр буурсан байна. Судалгаа явуулсан бүх байршил (Улаанбаатар хот, аймаг)-д тэмбүүгийн халдварын тархалт 2014 оны үеэс буурсан дүн тодорхойлогдов. ЭБҮ-ийн дунд ХДХВ-ийн халдварын тохиолдол илрээгүй.

ЭБЭ-ийн дунд тэмбүүгийн халдварын тархалт 2014 онд 7.1 хувь байсан бол 2017 онд 9.2 хувь болж нэмэгдсэн байна. ХДХВ-ийн халдварын тархалтын хувь 9.2 болж 2014 оныхоос 2.8 пунктээр буурсан байна.

15-24 насны оюутан, залуучуудын дунд тэмбүүгийн халдварын тархалт 0.6 хувь, ХДХВ-ийн халдварын тохиолдол илрээгүй.

ХДХВ, ДОХ, БЗДХ-ын талаарх мэдлэг: ХДХВ-ийн халдвараас сэргийлэх аргуудыг зөв тодорхойлж, үндсэн ташаа ойлголтуудыг үгүйсгэсэн ЭБҮ-ийн хувь 25.3, ЭБЭ- ийн бүлэгт 55.6 хувь 15-24 насны оюутнуудын дунд 21.4 хувь байна.

Бэлгэвчийн хэрэглээ: Сүүлийн 12 сарын хугацаанд төлбөртэй бэлгийн хавьталд орох бүрдээ бэлгэвч тогтмол хэрэглэсэн ЭБҮ-ийн эзлэх хувь 51.3 байгаа нь 2014 оныхоос 5.6 пунктээр буурсан байна. Төлбөр авахгүй бэлгийн хавьталд орох бүрдээ бэлгэвч тогтмол хэрэглэдэг ЭБҮ-ийн эзлэх хувь 2014 оныхоос 6.7-оор нэмэгдсэн байна. Түүнчлэн байнгын бэлгийн хавьтагчтайгаа бэлгийн хавьталд орох бүрдээ бэлгэвч хэрэглэдэг ЭБҮ-ийн хувь 15.6 тодорхойлогдов.

ЭБЭ-ийн дунд сүүлийн 12 сарын хугацаанд бэлгийн хавьталд орох бүрдээ бэлгэвч хэрэглэсэн хувь 55.9 байгаа нь 2014 оныхоос 10.4 пунктээр нэмэгдсэн байна.

Эрэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орох бүрдээ бэлгэвч хэрэглэдэг ЭБЭ-ийн эзлэх хувь 60.2 болж 2014 оны үеэс 15.3 пунктээр нэмэгджээ.

15-24 насны оюутан, залуучуудын дунд бэлгийн хавьталд орох бүрдээ бэлгэвч хэрэглэдэг хувь 57.4 байсан.

БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн байдал: Судалгаанд хамрагдсан ЭБҮ-ийн 41.9 хувьд нь сүүлийн 12 сарын хугацаанд БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн байна. Уг дүнг 2014 оныхтой харьцуулахад 12 пунктээр нэмэгджээ. Шинж тэмдэг илэрсэн ЭБҮ-ийн 57.8 хувь нь БЗДХ-ын шинж тэмдгийн улмаас эмнэлэгт хандсан гэж хариулав.

ЭБЭ-ийн 8.4 хувь нь сүүлийн 12 сард БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн гэж хариулсан бөгөөд тэдний 54.5 хувь нь улсын болон хувийн эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэсэн гэж хариулсан байна.

15-24 насны оюутан, залуучуудын 6.9 хувьд нь сүүлийн 12 сарын хугацаанд БЗДХ- ын шинж тэмдэг илэрсэн бөгөөд 46.9 хувь нь эмнэлэгт хандаж эмчлүүлсэн байна. Эрэгтэй оюутнуудын 2.8 хувьд нь шинж тэмдэг илэрч 58.3 хувь нь эмчлүүлсэн бол эмэгтэй оюутнуудын 10.5 хувьд нь шинж тэмдэг илэрч, 44.3 хувь нь эмчлүүлсэн байна.

ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгааны тайлан, 2017 он (Монгол)