"Улаанбурхан, улаанууд өвчний тандалт, оношлогоо, эмчилгээ" сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.

Монгол улс улаанбурхан, улаанууд өвчний тахалт тархалтыг таслан зогсоох зорилтын хэрэгжүүлэх хүрээнд ОХУ-ын Москва хотын Г.Н.Габричевскийн нэрэмжит Эрдэм шинжилгээ, судалгааны институттэй хамтран ажилладаг. Хамтран ажиллах гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Улаанбурхан, улаануудын тандалт, оношлогоо эмчилгээ” сэдэвт сургалтыг Монгол улсад 7 дугаар сарын 2-4-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад БОЭТ бүхий Ховд, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь аймаг, нийслэлийн хүүхдийн эмнэлгийн халдвартын болон тандалтын эмч, мэргэжилтнүүд, ХӨСҮТ, ОХУ-ийн Г.Н.Габричевскийн нэрэмжит Эрдэм шинжилгээ, судалгааны институт, ОХУ-ын Найрамдлын их сургууль, эмнэлгийн факултет, Шинжлэх ухааны хүрээлэнгийн Тархвар судлалын төвийн мэргэжилтэнүүд оролцож, илтгэл, мэдээлэл сонсож, харилцан туршлага судлаж, цаашид хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагаагаа хэлэлцлээ.

Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд, Эрүүл мэндийн яамны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэсийн дарга Б.Янжмаа, Г.Н.Габричевскийн нэрэмжит Эрдэм шинжилгээ, судалгааны институт, ХӨСҮТ, ДЭМБ-ийн холбогдох мэргэжилтэнүүд оролцож, Эрүүл мэндийн дэд сайд сургалтыг нээж хэлсэн үгэндээ Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т улаанбурхан, улаанууд өвчний тандалт, хяналтыг сайжруулах үйл ажиллагааг тусган үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

Дэлхий дахинд улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа улс орны тоо нэмэгдсэн, зарим улс оронд өвчлөл тасралтгүй бүртгэгдэж байгаа нь уг өвчин хил хязгааргүйгээр нэг улсаас нөгөө улсад зөөвөрлөгдөн дамжих эрсдэл дагуулж байна. Манай улсад энэ оны эхний 6 сард улаанбурхан өвчний 2 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нэг тохиолдол нь гадны улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн болох нь батлагдсан. Бид улаанбурхан өвчний болзошгүй дэгдэлтээс сэргийлэх зорилгоор тодорхой үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хэдий ч аймаг орон нутгийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах, тандалтын тогтолцооны болон лабораторийн үйл ажиллагааг үе шаттай сайжруулах шаардлагууд байсаар байна.

Та бүхний хуримтлуулсан арвин туршлагаас суралцан, тэргүүн туршлага, шинэ санал санаачилгыг практикт хэрэгжүүлэх боломжийг манай мэргэжилтнүүдэд олгох сайхан ажил эхлүүлж байгаад тань гүнээ талархаж байна. Мөн та бүхний Халдварт өвчин судлалын төвтэй хамтран хэрэгжүүлэх цаашдын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны нэгэн сайхан салаа мөчир нь болно гэдгийг онцлон хэллээ.