ЕБС-ын ахлах ангийн сурагчдад зарим халдварт өвчнүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар уулзалт зохион байгууллаа.

Өнөөдөр ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламжийн эмч нар STREAM судалгааны дэргэдэх Олон нийтийн оролцоог дэмжих зөвлөл (САВ)-тэй хамтран Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад сүрьеэ, ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдварууд, менингококкийн халдвар, эдгээрээс хэрхэн сэргийлэх, мөн судалгаа шинжилгээний ажилд олон нийтийн оролцоог хэрхэн хангах талаар уулзалт ярилцлага зохион байгууллаа.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиник дээр хэрэгжиж буй олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний хугацааг богиносгох STREAM олон улсын судалгааны дэргэд сүрьеэгийн судалгаа шинжилгээний ажилд олон нийтийн оролцоог дэмжих зөвлөл 2015 оноос ажилладаг. Энэхүү уулзалт-ярилцлага нь CAB-ийн ээлжилт төлөвлөгөөт ажлын нэгэн хэсэг бөгөөд энэ удаад ахлах ангийн 100 гаруй сурагчидтай уулзаж ярилцлаа.

STREAM судалгааны CAB нь ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж эрхэлсэн дэд захирал М.Тунсагийн дэмжлэгтэйгээр ижил төстэй уулзалт-ярилцлагыг БЗД, ЧД, СХ дүүргийн 5 хорооны 250 гаруй иргэдэд зохион байгуулахдаа улирлын чанартай дэгддэг халдварт өвчнүүд, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгдөг.

Ингэснээр ард иргэдийн дунд халдварт өвчнүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээх буухиа болохын зэрэгцээ судалгаа шинжилгээний ажилд олон нийтийн оролцоог дэмжснээр өвчтөнд ээлтэй үйлчилгээг бий болгоход тус нэмэр болж байна.