"COVID -19 халдварын лабораторийн оношилгоо" сэдэвт 2 дахь ээлжний сургалт эхэллээ

ХӨСҮТ-ийн Лабораториуд дээр түшиглэн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа “COVID -19 цартахлын лабораторийн оношилгоо” сэдэвт сургалтын 2 дахь ээлж өнөөдөр эхэллээ.

Энэ удаагийн сургалтанд ЭХЭМҮТ, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь аймгууд, Замын Үүдийн эмнэлгийн лабораторийн мэргэжилтнүүд суралцаж байна. Сургалтыг нээж ХӨСҮТ-ийн захирал Профессор Д.Нямхүү, ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгч Доктор Сергей Деордица нар үг хэлж цартахлын тэргүүн фронтод үүрэг гүйцэтгэж, илрүүлэг оношилгоог амжилттай хийж байгаа мэргэжилнүүддээ баяр хүргэж, амжилт хүслээ.

Эхний өдөр хөтөлбөрийн дагуу АШУ-ы доктор, Академич, Профессор П.Нямдаваа “Коронавирүст шинэ халдварын (COVID-19) үүсгэгч, эмгэг жам, эпидемиологи, онош, эмнэлзүй”, АУ-ы доктор, Профессор С.Цогтсайхан “Халдварын эсрэг дархлаа, вирүсийн эсрэг дархлааны хариу урвал” сэдвээр тус тус лекц уншиж ХӨСҮТ болон зарим эмнэлгийн эмч нар оролцож сонирхолтой ярилцлага боллоо.

COVID-19 халдварын лабораторийн илрүүлэг оношилгооны аргад суралцах мэргэжилтнүүд ажлын байран дээр дадлага сургуулилалт хийж бодит хугацааны полимеразын гинжин урвал (PCR)-ын шинжилгээ, SARS-CoV-2 илрүүлэх Gene Expert шинжилгээний арга, SARS-CoV-2 вирүсийн эсрэг, эсрэгбие илрүүлэх шинжилгээний арга технологийг бүрэн эзэмших юм.

Ийнхүү COVID-19 халдварын илрүүлэг, оношилгоог хийх үндэсний мэргэжилтнүүд бэлтгэгдэж байна. Ажлын байранд тасралтгүй сургах, мэргэжил арга зүйгээр хангах ажил цаашид үргэлжилнэ.