“Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын 10 хоногийн талаарх мэдээлэл  

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу дархлаажуулалтын 10 хоногийг 26 дах жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулах ба эрсдэлт бүлгийн хүмүүсийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулна.

Манай улс улирлын томуугийн эсрэг гурван цэнт А хүрээний H1N1, H3N2, B хүрээний хэв шинжийг агуулсан, Бразил болон Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, ДЭМБ-аас 2020/2021 оны томуугийн улиралд зөвлөмж болгож буй, ДЭМБ-ын батламжыг вакцин юм.

Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд хамгийн өртөмхий хүн ам болох нийслэлийн 6 сартайгаас 9 насны хүүхдүүд, аймгийн төвийн 2-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр  харъяа  сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг, сургууль дээр  дархлаажуулалтын түр цэгүүдээр вакцинжуулна.

Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрөлийн хуудсанд гарын үсэг зуруулж вакцинжуулна.

Мөн 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтанууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.  

Вакциныг 6 сартайгаас- 2 (35 сар буюу 2 нас 11 сар 29 хоног) насны хүүхдэд 1 сарын зайтай 2 тун, 3-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд 1 тунгаар вакцинжуулна.

Мөн энэ удаагийн дархлаажуулалтын 10 хоногоор Заавал хийх дархлаажуулалтын товлолын дагуу 7, 15 настай хүүхдүүдэд хийдэг сахуу татрангийн вакциныг нэгэн зэрэг тарьна.

Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цартахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Вакцин хийхдээ эцэг эхчүүдэд урьдчилан мэдээлэл өгсний үндсэн дээр хүүхдүүдэд хийдэг. Хувийн эмнэлгүүдийн хувьд цөөн тоогоор оруулж ирдэг учраас сайн дурынхан төлбөрөө төлөөд хамрагддаг. Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу дархлаажуулалтад хамрагдах нь чухал юм.

Иймд, та бүхнийг үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?

  • Эмчийн үзлэгт орох
  • Дулаан хувцаслах
  • Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
  • Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Вакцины эсрэг заалт:

  • Вакцины найрлагад орсон бодисуудад өмнө нь анафилаксийн урвал илэрч байсан
  • Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнд хэт мэдрэг хариу урвал өгч байсан
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
  • Өмнө нь томуугийн вакцин хийлгэснээс хойш 6 сарын дараа Гиллен Барын хам шинж өгч байсан
  • Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
  • Дархлал дутмагшилтай
  • Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс
  • Неомициний төрлийн антибиотикт харшилтай хүн
  • Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж буй үед