“Далд халдварын эмчилгээнд хамрагдсанаар СҮРЬЕЭ ӨВЧНӨӨР өвчлөхөөс сэргийлж чадна “


 

Arslan.mn

“Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал” гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг  Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.  2022 онд тус өдрийг  “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, дэлхийн удирдагчдын амласан амлалтад хүрэхийн тулд хөрөнгө оруулалт яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна.

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөртэй холбогдуулан “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-аас цуврал зөвлөгөө, мэдээллүүд хүргэж байна.  Энэ удаа сүрьеэгийн далд халдвар гэж юу вэ,  халдвар авсан бол сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг ХӨСҮТ-ийн СТСА-ны  тархвар судлаач Э.Уянга өгч байна.

Сүрьеэгийн далд халдвар гэж юу вэ?

Дэлхийн нийт хүн амын 4/1 нь, Монгол Улсын хүн амын 3/1 нь сүрьеэгийн далд халдвартай гэсэн тооцоолол бий.  

Ихэнх хүн сүрьеэгийн нян амьсгалж, халдвар авсан ч тухайн хүний дархлааны хүчээр нянгуудын өсөлт, үржлийг зогсоож чаддаг. Өөрөөр хэлбэл, сүрьеэгийн халдвар авсан ч нян хүний биеийн дархлааны системд дарангуйлагдан идэвхгүй, унтаа байдалд байхыг ДАЛД ХАЛДВАР гэж нэрлэдэг. 

Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьеэгээр өвчилдөггүй. Харин халдвар авсан хүмүүсийн  10 хувь нь тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсний улмаас сүрьеэгээр өвчилдөг. 

ДЭМБ-аас сүрьеэгийн далд халдвар авсан хүмүүсийн 5-10 хувь нь эхний таван жилд сүрьеэгээр өвчлөх боломжтой гэх тооцооллыг гаргадаг.

Сүрьеэгийн далд халдвар болон сүрьеэ өвчний хоорондын ялгаа

Arslan.mn

Сүрьеэгийн халдвар авсан бол сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөртэй хүмүүс нь:

  • Хүүхэд, бага насны хүүхдүүд
  • Сүрьеэтэй өвчтөний өрхийн болон ойрын хавьтал 
  • Дархлалын тогтолцоог сулруулдаг бусад өвчнөөр өвчилсөн хүмүүс
  • ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүс
  • Өндөр настай хүмүүс 
  • Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн эмчилгээг бүрэн хийлгээгүй хүмүүс 
  • Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид

Хэрэв та сүрьеэгийн далд халдвартай болон дээрх өндөр эрсдэлт бүлгийн аль нэгэнд хамаарч байгаа бол сүрьеэ өвчнөөр өвчлөхгүй байхын тулд эм уух шаардлагатай.

Эмч, сувилагчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэж, далд халдварын эмчилгээнд хамрагдсанаар  сүрьеэ өвчнөөр өвчлөхөөс сэргийлж чадна.