Ч.НАРАНЦЭЦЭГ: Сүрьеэгийн халдвартайгаа нууж хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж байгаа тохиолдлууд гарсаар байна

Arslan.mn

ХӨСҮТ СТСА-ны хяналтын эмч Ч.Наранцэцэг сүрьеэтэй өвчтөний сэтгэлзүйн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Анх удаа сүрьеэгээр өвчилсөн хүнд бүрэн эдгэрэх болов уу? Гэр бүлийнхэндээ халдаах болов уу? Нийгэмд гадуурхагдах болов уу? зэрэг маш олон сэтгэл санааны тулгамдсан асуудалтай тулгардаг байх энэ талаар зөвлөгөө өгнө үү?

- Нийгмийн зүгээс сүрьеэ эдгэрдэггүй, удамшдаг, сүрьеэтэй хүн болгон халдвартай гэх мэт буруу ойлголт, түүнээс үүдэлтэй халдвар авахаас айх айдас нь сүрьеэтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахад хүргэж байна. Үүнээс шалтгаалан халдвар авснаа мэдээд нуух нь ойр дотныхон болон ажлын хамт олондоо халдвар тараах эрсдэлийг бий болгодог. 

Ялгаварлан гадуурхал нь өвчтөнд өвчнөөсөө илүү хүнд тусдаг. Сүрьеэгээр өвдөх нь тэр хүмүүсийн буруу биш шүү дээ. Сүрьеэ нь амьсгалын замын халдварт өвчин учир хэн ч халдвар авах боломжтой.

Мөн сүрьеэтэй хүн болгон халдвар тараадаг гэдэг нь буруу ойлголт. Уушгины бус эрхтний сүрьеэгээр өвдсөн хүн халдвар тараахгүй, уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүн эмчилгээ эхэлснээс хойш ойролцоогоор 14 хоногийн дараагаас бусдад халдвар тараахгүй.

Өвчтэй хүнд, ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүнд сэтгэл санааны дэмжлэг, гэр бүлийн халуун дулаан орчин, тэжээллэг хоол хүнс хамгаас чухал. Өдөр бүр тогтмол цагт эмээ уух, ямар нэг эмийн гаж нөлөө, биеийн байдалтай холбоотой асуудал гарвал эмчид хандах, ажил амралтаа зөв зохицуулахад нь туслах гэх мэт гэр бүлийн зүгээс үзүүлэх тус дэм маш их юм.

Тиймээс ХӨСҮТ-өөс сүрьеэтэй өвчтөн болон тэдний ар гэрийнхэнд нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилготой  баг ажилладаг.

-Ар гэрт сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлэх баг ажиллаж байна гэлээ. Баг хэзээнээс ажиллаж эхэлсэн вэ?

- Сүрьеэгээр өвдсөн хүн,  тэдний ар гэрт нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх  баг   дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 4 дүгээр улирлаас эхлэн нийслэлд ажиллаж байна. Тус багт сүрьеэгийн эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан багтсан бөгөөд долоо хоног бүр дүүргүүдийн сүрьеэгийн диспансерт ажиллаж өвчтөнүүд, ар гэрийнхэнтэй нь уулзаж сэтгэлзүйн зөвлөгөө өгч ажилладаг.

Сүрьеэгийн эмийн эмчилгээний үргэлжлэх хугацаа урт, олон эм нэг дор уудаг болохоор дундаасаа шантрах тохиолдол байдаг учраас гэр бүл, хяналтын эмч нь сэтгэл зүйгээр дэмжээд явах нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг.

 - Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх багийн эмч, мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэж байгаа вэ?

- Нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг өгдөг багт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдээ СЭМҮТ-д чадавхижуулах сургалтад хамруулсан.   

-Сүрьеэгээр өвдсөн гэдгээ мэдэхгүй байгаагаас болж эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдахгүй байна гэж бодож байна. Ямар шинж тэмдэг илэрвэл сүрьеэтэй байх эрсдэлтэй байдаг вэ?

14 хоногоос дээш хугацаанд ханиалгах, цэр гарах, цустай цэр гарах, ядарч сульдах, хоолны дуршил буурах, шөнөөр хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрч байвал харьяа өрхийн эмнэлэг эсвэл аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт хандаж цэрний шинжилгээ хийлгэж,  цээжний рентген зураг авахуулж оношлуулах шаардлагатай. Сүрьеэг оношлоход харьцангуй амар боловч эмчилгээ нь тухайн хүнээс их тэвчээр шаарддаг.

-Энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд иргэд юуг чандлан сахих хэрэгтэй вэ?

- Сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байхад эмийн тун бүрийг алгасахгүй уух ёстой. Сүрьеэгийн эсрэг эмчилгээг эмчийн зааврын дагуу, тасралтгүй, зөв горимоор хийлгэсэн тохиолдолд сүрьеэ өвчин бүрэн эдгэрнэ. Долоо хоног бүр хяналтын эмчдээ үзүүлээд хяналтад явж байж эмчилгээг илүү үр дүнтэй болгодог. Эмчилгээний явцад аливаа хорт зуршлаа хаяж, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, ажил амралтын дэглэмээ сайн зохицуулж дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Халдвар ялгаруулж байгаа үед ажил хийх, хичээл сургуульд явахгүй байх хэрэгтэй. Энэ нь таныг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг биш бөгөөд бусад хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм.

-Ер нь улсын хэмжээнд сүрьеэ өвчний тархалт ямар түвшинд байна вэ? Сүрьеэгийн халдвар буурч байна уу?

-2019 онд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 4000 гаруй байсан бол, 2020 онд 3800, 2021 онд 2700 болж эрс буурсан үзүүлэлттэй байгаа. Тоон үзүүлэлтээс харахад тохиолдлын тоо буурч байгаа харагдаж байгаа боловч, сүүлийн 2 жилд оношлогдож эмчилгээнд хамрагдаж байгаа тохиолдлуудаас нас баралтын хувь өндөр байгаа нь оношилгооны хожимдол байгааг харуулж байна.


Онлайн сургалт

Санал гомдол