Бэлгийн херпес

Бэлэг эрхтний арьс, салстыг сонгомлоор гэмтээн, цэврүүнцэр тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг вирусын халдвар юм. Бэлгийн херпес нь дахих хандлагатай, архаг явцтай бэлгийн замын халдвар юм.

Бэлгийн херпес өвчин яаж халдварладаг вэ?

Бэлгийн херпес нь хамгаалалтгүй бэлэг эрхтнээр, амаар, шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох үед халдварлана. Мөн жирэмсэн үед урагт болон төрөх үед нярайд төрөх замаар дамжин халдварлана.

Бэлгийн херпес өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?:

Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэл дунджаар 2-21 хоног байна.

  • Шинж тэмдэг илрэхээс 1-2 хоногийн өмнө өвчний урьдал үе эхлэх ба хэсэг газар загатнах, ирвэгнэх, өвдөх зовиур илэрнэ.
  • Бэлэг эрхтэн, түүний орчимд бага зэрэг улайж үрэвссэн арьс салстан дээр цөөн, эсвэл олон тооны бүлэглэж байрласан цэврүүнцэрт тууралт гарна.
  • Тэмтрэхэд хорсож, хөндүүр, шалбархай, шархлаа үүснэ.
  • Загатнах, хорсох, хөнлүүрлэж өвдөнө.
  • Хэд хоногийн дараа хатаж, нимгэн тав үүснэ.

Дахилтат хэлбрийн үед өвчний шинж тэмдэг сул илэрнэ. Бага зэрэг улайж хавагнасан суурин дээр ганц нэг болон, бүлэглэсэн цэврүүнцэр гарна.

Дахилт үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд:

  • Дархлаа сулрах
  • Хэт даарах, халууцах
  • Халдварт болон халдварт бус өвчнүүд
  • Стресс
  • Янз бүрийн эмнэлэгийн ажилбарууд / үр хөндөлт, умайн өрөндөг /

Бэлгийн херпес өвчний үед  ямар хүндрэлүүд үүсэх вэ?

Халдвар авснаас хойш өвчин үүсгэгч вирус хүний биед үлдэж хадгалагдах ба энэ өвчний олон дахих шалтгаан нь болдог.

Хэрхэн сэргийлэх вэ?:

  • Тууралт гарсан шархалсан үед бэлгийн хавьталд орохгүй байх.
  • Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч тогтмол, зөв хэрэглэх
  • Жирэмсэн эмэгтэй төрөхөөс өмнө зөвлөгөө авах, эмчлүүлэх