Тарваган тахал

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.

Халдвар хэрхэн дамжих вэ?

Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.

Илрэх шинж тэмдэг

Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар  суулгах шинжүүд илэрнэ.

Сэргийлэлт

1.    Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад хандах

2.    Нохой зууж ирсэн тарвагад хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх

3.    Тарвагыг нохойгоор бариулах, хавхаар агнахыг цээрлэх

4.    Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх гэхдээ өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах, учир нь халдвар тархаж болзошгүй юм.

5.    Сэжигтэй өвчтөн болон эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах

6.    Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх

7.    Тарвага агналтыг зөвшөөрсөн газарт, тогтоосон хугацаанд сэргийлэх тарилга хийлгэсэн хүн хийх

8.    Ан хийж байх үедээ халад, бээлий хэрэглэж занших

9.    Гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, боловсруулаагүй мах оруулахыг цээрлэх

10. Голомттой нутгийн анчид, арьсны наймаачид, тарваганы мах идэх дуртай хүмүүсийг сэргийлэх  вакцинд хамруулах шаардлагатай юм.